БНАСАУ пуужин туршиж магадгүй гэж үзэж байна
ВАШИНГТОН. /TASS/. БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг үүрэгт ажилдаа орсноос хойших пуужингийн анхны туршилтаа явуулахаар бэлтгэж байж болзошгүй гэж Америкийн тагнуулын алба үзэж байна.
Энэ тухай СNN телевиз АНУ-ын засаг захиргаан дахь эх сурвалжуудын мэдээллээс эш татан уламжилжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, БНАСАУ-ын эрх баригчид туршилтыг явуулах эцсийн шийдвэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нарын Япон, БНСУ дахь айлчлалын үр дүнд үндэслэн гаргана гэж таамаглаж байгаа аж.
Америкийн хэд хэдэн байгууллага БНАСАУ пуужин харваж болзошгүй байгаатай холбоотой хариу арга хэмжээний талаар зөвлөлдөх уулзалт хийж байгааг эх сурвалжууд тэмдэглэсэн байна. Энэ нь пуужин эсвэл пуужингийн хөдөлгүүрийн туршилт байж магадгүй гэж үзэж байгаа аж. БНАСАУ хамгийн сүүлд 2020 оны гуравдугаар сард пуужин туршсан билээ.
Байдены засаг захиргаа өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын БНАСАУ-ын талаар баримталж байсан бодлогыг хянаж байгаа бөгөөд үр дүнг нь ойрын долоо хоногт зарлагдаж магадгүй гэж Төрийн департаментын эх сурвалж СNN телевизэд мэдээлжээ. "БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах"-ын тулд Байден Трампынхаас өөр арга барилыг сонгоно гэж таамаглаж байна.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ