Хорт хавдартайгаа тэмцэж яваа П.Билэгсайхан: Эхнэрийнхээ төлөө алдсан бүхнээ ахин бүтээнэ

П.Билэгсайхан жил гаруйны өмнө гэнэт ходоодны хорт хавдартай гэдгээ мэджээ. Түүний өвчлөл нэлээд хүндэрч, дөрөвдүгээр үе шат руугаа орсон учраас ходоодоо тайруулахаас өөр сонголтгүй гэдэг мэдээг сонссон байна. Тэрээр Эрдэнэтэд эхнэрийн хамт амьдардаг бөгөөд тэд хашаа байшин, орон гэрээ зарж, Улаанбаатар ирж хагалгаандаа орсон байна. Хагалгаа амжилттай болсон ч П.Билэгсайхан хагалгаа хийлгээд дөнгөж сарын дараагаас амьдралаа авч явахын тулд өрхийн үйлдвэрлэлийн ажлаа хийж эхэлжээ. Дөнгөж өндийх тэнхэлтэй болонгууmаа орон дээрээсээ модон эд зүйлс хийж эхэлснээ бидэнд учирлаж байв. П.Билэгсайхан хорт хавдрын эмчилгээ эмчилгээ, эм тариа, хагалгааны төлбөртөө өөрт байгаа бүх эд хөрөнгөө зарж, хүнээс багагүй мөнгө зээлсэн байна. Тиймээс л амьдрахын эрхэнд бүрэн тэнхэрч чадаагүй байхдаа буюу хагалгаанд ороод нэг сарын дараа хөдөлмөрлөж эрхэлсэн энэ ажээ. Ингээд амьдралынхаа төлөө өвчтэй биеэ үл хайрлан тэмцэж яваа П.Билэгтсайхан ярилцлаа.

-2019 онд ходоодны хорт хавдартай гэдгээ мэдсэн гэсэн. Хэддүгээр үедээ оношлогдсон вэ?

-Ходоодны хорт хавдар дөрөвдүгээр шат гэж оношлогдон ходоодоо бүтэн авахуулсан. Эмчилгээнд 17 сая гаруй төгрөгийг зарцуулсан. Эмчилгээтэй хэвтэрт байх үедээ хүнээс мөнгө зээлж авсаар байгаад өр нэлээд их болсон. Өрөө дарахын тулд хашаа,байшингаа зараад монгол гэрт айлын тал хашаа түрээслээд амьдарч байна.

-Хорт хавдартайгаа тэмцэж, ялан дийлэхэд таныг юу хурцалж байсан вэ?

-Дөрөвдүгээр үеийн ходоодны хорт хавдартай, найдваргүй гэдгээ анх сонсоод шоконд орж, юу хийхээ мэдэхгүй байдалд орж байсан. Ер нь хүн тийм мэдээ сонсоод өөрийгөө биш ард үлдэх хүнээ л боддог юм билээ. Би сонсголгүй, өнчин эхнэртэй хүн. Өвчтэй хэвтэрт байх үедээ эхнэрийгээ хараад хөл дээрээ босох шаардлагатай гэдгээ мэдэрч байсан. Хань миний залуугаараа маш их зовлонг биеэр амсаж, туулж ирсэн хүн учраас хэрвээ би үхчихвэл миний хань яах билээ, би энэ хүнд дахин зовлон мэдрүүлэхгүйн тулд заавал амьдрах хэрэгтэй гэж үргэлж боддог байсан. Хагалгаанд ороод нэг сарын дараа орон дээрээ сууж байгаад модоор юм хийдэг байлаа. Миний амьдралын утга учир бол эхнэр минь гэдгийг маш сайн ойлгосон.

-Таныг эмчилгээгүй гэж байсан юм уу?

-Хагалгаанд орох болоход заавал тэгж хэлдэг юм уу, мэдэхгүй ямар ч байсан хагална тэгээд болохгүй бол хаана гэж хэлсэн. Хоёр булчирхайтай хамт ходоодыг бүтэн авна гэсэн хагалгаа амжилттай болсон.

-Хагалгаанд ороод удаагүй нэг сарын дараа орон дээрээ сууж байгаад модоор юм хийж эхэлсэн гэлээ. Тийм хүнд хагалгааны дараа гам барихгүй шууд ажиллаад эхлэхээр их ядардаг байсан байх.

-Маш их ядардаг байсан. Тэр үед хийхэд амархан гээд бууз хөлдөөдөг дөрвөн давхар хавтан хийдэг байсан. Хэдийгээр амархан ч хагалгаанд ороод удаагүй, шарх бүрэн эдгээгүй учир нэлээн зовдог байсан. Хөдөлж чадахгүй, хоол ундаа идэж, залгиж чадахгүй нэлээд хүнд байдалтай л хийдэг байлаа.

-Одоо биеийн байдал ямар байгаа вэ?

-Хорт хавдар бүрэн эдгэрдэг өвчин биш. Одоогоор миний биеийн байдал хэвийн байгаа учраас хөдөлмөрөө үргэлжлүүлэн яваад байх боломжтой байгаа. Хотод хяналтад байдаг учраас ойр ойрхон хот руу явах шаардлага гардагч цар тахал гарч хот руу орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж байгаатай холбогдуулан хүндрэл гарч байна. Өнгөрсөн намар хорио цээрийн үеэр хотод биеэ эмчлүүлэх гэж очоод буцаж чадахгүй, машиндаа ес хоносон. Тухайн үед нэлээд даарч, яс янгинаж зутруухан хэд хоногийг өнгөрүүлсэн. Хүмүүсийн захиалга их ирж байгаа нь надад урамтай байдаг ч ажлын байргүй учир захиалгаа гадаа хийдэг. Өвөл гадаа юм хийхэд хэцүү хурд, хүч саараад хүндрэлтэй. Мөн багаж муутай учраас гараар юм хийхэд хүндрэлтэй их ядардаг. Тэгэхдээ ядардаг гэж хойш суухгүй ар гэр, амьдралаа дахин хөл дээр нь босгож өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хичээж байна.

-Алдсан бүхнээ эргүүлэн авахын төлөө өөрийн гэсэн бизнесийн эхлүүлээд явж байна. Бизнес нь хэр амжилттай явж байна гэж та харж байгаа вэ. Захиалга их байна уу?

-Бизнесийн хувьд захиалга их байгаа. Гэхдээ биеийн байдлаас шалтгаалж бүх захиалгуудыг хийж амжихгүй байгаа. Мөн маш том зорилго тавьсан учраас зорилгоо бодоод биеэ нөөцөлж байна. Энэ зундаа багтаагаад жижиг ч гэсэн хамаагүй мөрөөдлийн байшинтай, ажлын байртай болно гэсэн маш том зорилго тавьсан байгаа. Хамаагүй их ачаалалтай ажиллавал ядраад, бие өвдчихвөл бүх ажил зогсоно. Тийм учраас ирсэн зарим захиалгуудыг хийж амжихгүй байна.

-Байшинтай болохын тул бага багаар шаардлага материалуудаа цуглуулж байгаа гэж байсан.

-Өнгөрсөн зун үерт гэр маань автаж хүндхэн байсан. Миний амь нас баталгаагүй, эхнэр маань асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүн учраас ямар ч байсан нэг байшинтай болох шаардлагатай байгаа. Энэ хэвээрээ байж байгаад би үхлээ гэхэд энэ хүн монгол гэрт хэдэн жил амьдрах билээ, бас хүний гар харж амьдрах учраас ядаж өөрийн гэсэн байшинтай болгоё гэж бодож байгаа. Саяхан нэг сар чармайн ажиллаж байшиндаа хэрэгтэй цемент, хайрга хоёроо хашаандаа буулгасан. Бага багаар цуглуулж байгаад зорилго биелдэг гэдгийг харуулах болно.

-Одоогоор хэдэн төрлийн бүтээл хийж байгаа вэ?

-Төмрөөр хүүхдийн савлуур, сүүдрэвч, гудамжны сандал, хогийн сав зэргийг хийж байна. Харин модоор вандангийн ком, модон таваг, сандал, ширээ гээд нэлээд олон төрлийн зүйлсийг хийж байгаа.

-Хугацааны хувьд нэг бүтээл хэдэн хоногийн дотор гардаг вэ?

-Хэмжээнээс хамаараад хугацааны хувьд харилцан адилгүй. Тухайлбал нэг ширхэг сандал 4-5 хоногт гарна. Ажиллагаа бага шаардагддаг жижиг зүйлс нь өдөртөө гарна.

-Ганцаараа үйлдвэрлэлээ явуулдаг уу, хүнтэй хамтарч байна уу?

-Ганцаараа хийж байгаа. Ойр зуурын хөнгөхөн ажилд эхнэр маань тусалдаг. Хүнтэй хамтарна гэхээр хувь хуваахаас эхлээд, тоног төхөөрөмжийн дутагдалтай учир тийм нөхцөл одоохондоо байхгүй байна. Тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, ажлын байр бий болгоод өөрийн ачааллыг бага ч болов багасгая гэж бодоод жижиг дунд үйлдвэрээс зээл авах гээд хөөцөлдсөн гэтэл тэр зээл нь надад олдохгүй л юм шиг байна. Уг нь ажлын байртай болоод, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, тоног төхөөрөмжтэй болвол шинээр 2-3 ч ажлын байр бий болох боломжтой.

-ЖДҮ-ээс ямар шалтгаантай зээл олгох боломжгүй гэсэн вэ?

-Би 15 сая төгрөгийн төлөвлөгөө гаргасан. Таван саяар нь ажлын байраа бариад, 10 саяар нь тоног төхөөрөмжөө аваад, шинээр хэд хэдэн ажлын байр бий болгоод хөгжөөд явах боломжтой гэсэн юм. Гэтэл барьцаа болох үл хөдлөх хөрөнгө байхгүй гэдэг шалтгаанаар 3 саяас дээш зээл олгогдохгүй гэсэн.

-Та ямар мэргэжилтэй вэ. Мужаанаар сурж байсан уу?

-Яг мэргэжлийн мужаанчин хүн биш, өөрөө л хийж сурсан. Миний үндсэн мэргэжил жолооч, цагдаад ажиллаж байсан. Анх эхэлж байхдаа амархнаар нь гурилын вандан хийдэг байсан. Тэгээд гар арай зүгшрээд ирэхээр нь нарийн зүйлсийг хийж эхэлсэн. Мэргэжлийн хүн биш учир мэргэжлийн хүний нүдэнд бол гологдоно. Гэхдээ цаашдаа хичээж ур чадвараа сайжруулна.

-Хүнд өвчнөө ялан дийлэх гээд, амьдрахын төлөө хичээж яваа хүмүүст хандан урмын үг хэлэхгүй юу?

-Өвчнөө ялан дийлнэ гэдэг нь ердөө л сэтгэлийн асуудал. Би найдваргүй, би үхнэ, амьдрах насгүй болчихлоо гээд дотроо бодоод байвал та хэзээч босохгүй. Миний хувьд өөрийгөө хэзээ ч өвчтэй гэж боддоггүй байсан нь өвчнөө даван туулахад маш дэм өгсөн гэж боддог. Би эрүүл, би амьдарч чадна гэж байнга өөртөө хэлдэг байсан учраас бараг эрүүл хүнээс илүү ажиллаж хөдөлмөрлөж явна. Ер нь хүн бүр өөрийн эрүүл мэндийн төлөө жил бүр үзүүлж, хорт хавдрын үзлэг, шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй. Ингэж байж өвчнөө аль болох эрт үед нь оношлуулж чадна. Хавдартай хүн бүр үхдэггүй, эрт үедээ оношлогдвол эдгэрэх магадлал маш өндөр.

Хавдрын өвчлөл бол Монгол Улсад бараг тахлын хэмжээнд  ирсэн байна. Тийм учраас иргэн бүр идэж, хэрэглэж байгаа зүйлдээ анхаарч байгалийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Мөн хорт хавдрыг үүсгэдэг хамгийн гол зүйл бол уур, стресс учраас сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энхийг хүсье. 


itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ