Ёкозүна Хакүхо өмнөх башёгийн түрүү бөхийг давав
Ёкозүна Хакүхо өмнөх башёгийн түрүү бөхийг давав Мэргэжлийн сумогийн хаврын тэмцээн өчигдөр Токио хотын "Кокугикан" ордонд эхэллээ. Энэ өдөр Чёошёома ГМөнхсайхан маэгашира Котоэкод ошитаошигоор, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Мидорифүжид цүкиотошигоор, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Окиноумид ховор хийгддэг исамиашигаар, Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгашира Шиманоумид ошидашигаар унажээ. Харин Ичиножо А.Ичинноров маэгашира Точиношинг уватэнагэгээр, озэки цол горилж буй сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Хокутофүжиг шитатэнагэгээр давсан аж. Энэ өдрийн оргил барилдаан өмнөх тэмцээнийг коронавирусийн халдварын улмаас өнжсөн ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Хацү башёгийн түрүү бөх, комүсүби Дайэйшёо нарын хооронд болов. Өмнө нь тэд наймантаа таарахад зургаад нь Хакүхо давамгайлсан юм. Хамгийн сүүлд өнгөрсөн Нагоя башёд Дайэйшёо ошидашигаар ялж байв. Харин энэ удаа их аварга барьцтай түлхэж унагах буюу ёритаоши мэхээр давлаа. Өнөөдөр Чёошёома Цуругишёотой, Хоошёорюү Рюүдэнтэй, Тамаваши Точиношинтэй, Ичиножо Окиноумитэй, Кирибаяма Эндотой, сэкивакэ Тэрүнофүжи Вакатакакагэтэй, ёкозүна Хакүхо Такарафүжитэй оноолт таарав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ