"Тувааны АН"-ын дарга энэ сарын 28-нд, "Эрдэнийн АН"-ынх ирэх сарын 25-нд тодорно

Дарга ч үгүй, дүрэм ч үгүй  АН  намын даргын сунгаа зарласан нь олны анхаарал татаад байна.  Даргыг нь ч, дүрмийг нь ч хуулийн байгууллага нэг талд гаргаж шийдээгүй байхад дараагийн  даргаа сонгон шалгаруулах гэнэ.  Энэ  сунгааг эхлээд АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны талаас эхлүүлсэн  бол  АН-ын хуучин дарга С.Эрдэнийн талаас мөн намын даргын сунгааг эхлүүллээ.    Ингээд С.Эрдэнэ, Ц.Туваан нар хоёр өөр АН-ын даргын сонгууль зарлаж, АН-ыг дахин хоёр  даргатай болгох нь тодорхой болж байх шиг байна. 
Ц.Тувааны талаас зарласан АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, тус намын гишүүн Б.Отгонбат, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ж.Батсуурь,  хуульч О.Алтангэрэл, С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, АН-ын гишүүн Ж.Андос, М.Тулгат, П.Мөнхтулга, М.Чимэддорж, С.Билэгсайхан, Н.Лхагвадорж, М.Амарсайхан, Т.Энхсайхан нарын хүмүүс бүртгүүлээд байсан юм. Тэгвэл үүнээс шигшигдэж, Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд, О.Цогтгэрэл нарын дөрвөн хүн нэр дэвших үнэмлэхээ өчигдөр албан ёсоор гардан авлаа. Намын даргын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэлж, нийт 12 хоног үргэлжилнэ. Гуравдугаар сарын 26-ны өдөр сурталчилгаа дуусч 28-ны өдөр АН-ын нийт гишүүд даргаа сонгох санал хураалт өгөх юм.  Энэхүү намын даргын сунгааны дэнчингийн мөнгө 93 сая төгрөг бөгөөд мөнгийг сонгууль зохион байгуулахад хэрэглэнэ гэдгийг хэлсэн.
Тэгвэл АН-ын хуучин дарга С.Эрдэнийн зарласан намын дунд шатны байгууллагын дарга нарыг сонгох сунгаа өчигдөр албан ёсоор эхлэв.  АН-ын дарга болох дэнчингийн мөнгийг 35 сая төгрөг гэж заажээ.  Өчигдөр АН-ын гишүүн С.Эрдэнэ мэдээлэл хийхдээ "Ардчилсан намын үндсэн дүрмийн хүрээнд дотоод сонгуулийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа. Дунд шатны намын дарга нарын нөхөн сонгууль гуравдугаар сарын 17-нд цахимаар болно. Нэр дэвшигчид үнэмлэхээ авснаар өнөөдрөөс сурталчилгаа эхэлж, гуравдугаар сарын 15-ны өдрийн 22:00 цагт дуусна.  Улсын бүртгэлийн гэрчилгээнд Ардчилсан нам болон миний бие даргаар бүртгэлтэй байгаа. Үндсэн дүрмээр хариуцлагаа хүлээгээд намын даргын сунгааг зарлаад, тамгаа түр шилжүүлсэн. Харамсалтай нь хэсэг бүлэг хүмүүсийн дүрмийн бус явцуу эрх ашгийн үүднээс хийсэн будлиантай үйл ажиллагаанаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болно. Ингээд тавдугаар сарын 2-нд намын их хурал болж, шинэ намын даргад тамгыг гардуулна" гэлээ.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ