Их Британид анх илэрсэн хувилбар илүү аминд халтай болохыг тогтоожээ
ВАШИНГТОН. /Reuters/. Их Британид анх илэрсэн коронавирусний “B.1.1.7” хувилбар өмнөх хувилбаруудаас 30-100 хувиар илүү аминд халтай болохыг “British Medical Journal” сэтгүүлд лхагва гарагт нийтэлсэн шинэ судалгаагаар тогтоожээ.
Судлаачид Их Британид “B.1.1.7” хувилбараар халдварласан хүмүүсийн нас барах эрсдэлийг бусад хувилбараар халдварласан хүмүүсийнхтэй харьцуулж үзэхэд шинэ хувилбараар халдварласан хүмүүсийнх нэлээд өндөр байжээ.
Их Британид 2020 оны есдүгээр сард илэрсэн “B.1.1.7” хувилбар нь одоогоор дэлхийн 100 гаруй оронд бүртгэгдээд байгаа юм.
“B.1.1.7” хувилбар нь харьцангуй олон буюу 23 хувиралд орсон бөгөөд тэдгээрийн зарим нь илүү хурдан халдварладаг болоход нь нөлөөлж байгааг тогтоожээ.
Их Британид явуулсан судалгаагаар шинэ хувилбараар халдварласан 54906 тохиолдлоос 226 нь нас барсан бол бусад хувилбараар халдварласан ижил тооны өвчтөний 141 нь нас барсан байна.
“B.1.1.7” нь мөн илүү хурдан халдварладаг тул учруулах хор хөнөөлийг нь улам нухацтай авч үзэх шаардлагатай болж байна гэж “Exeter” их сургуулийн судлаач Роберт Чаллен мэдээлжээ.
Хараат бус шинжээчдийн үзэж буйгаар, энэхүү судалгааны дүн “B.1.1.7” нь халдвараар нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн өмнөх нотолгоонуудыг бататгасан байна.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ