С.Эрдэнэ: АН дотор хүмүүсийн яриад байгаа шиг хуваагдал, хагарал гараагүй

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр болж, Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Э. Бат-Үүл болон дунд шатны намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардууллаа. Дунд шатны намын даргын нөхөн сонгууль энэ сарын 17-нд цахимаар болохоор товлогдсон. Нэр дэвшигчид ийнхүү үнэмлэхээ гардаж авснаар өнөөдрөөс сурталчилгаагаа эхэлж байгаа юм. 

 Энэ үеэр АН-ын гишүүн С.Эрдэнэ, Сонгуульд нэр дэвшигчдэд амжилт хүсээд "Намын даргын сонгууль дөрөвдүгээр сарын 25-нд болно. Үүний дараагаар, миний бие намынхаа тамгыг бүх гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргад гардуулж өгнө. Энэ нь би намаасаа гарсан гэсэн үг биш. Намынхаа үйл хэргийн төлөө өөрийнхөө бүх боломжоо дайчилж ажиллана. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулж, Сонгуулийн Ерөнхий хороонд өргөн барина. АН дотор хүмүүсийн яриад байгаа шиг хуваагдал, хагарал гараагүй. Хоёр АН гэж байхгүй" гэлээ. 

Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл "АН Монгол Улсад бүртгэлтэй хамгийн том нам. Дээд шүүхийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас нам дотор зөрчил үүсээд байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол Ерөнхийлөгчийн болон цаашлаад 2024 оны сонгуульд эрсдэл үүсэж мэдэхээр байна. Тиймээс би нийслэлийн АН-ын даргад нэр дэвшсэн. Сунгаанд амжилт үзүүлбэл намыг нэгтгэх үйл ажиллагаанд нийслэлийн намын хүчийг дайчилж ажиллана" гэдгээ онцоллоо.

Дашрамд сонирхуулахад, энэ сарын 7-нд намын даргад нэр дэвшигчдийг бүртгэхэд нийт 18 хүн материалаа ирүүлснээс хоёр хүнийг нь бүртгэж авахаас Дотоод сонгуулийн хороо татгалзсан. Үлдсэн 16 нэр дэвшигч сонгуулийн зардлаа хуваан төлж, өрсөлдөх дээр санал нэгдсэн ч өнөөдрийн байдлаар намын даргад өрсөлдөх дөрвөн хүн үлдээд байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар, Нийслэлийн АН-ын дарга асан Д.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, намын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Р.Амартүвшин нар сунгааг үргэлжлүүлэхээр үлджээ.

zaluucom.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ