Э.Саруул “Токио-2020” олимпын наадмын шүүгчээр сонгогдлоо

Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэнд анхдагч боллоо.

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

“Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн нийт 17 удаа олимпын хөтөлбөрт багтсан бөгөөд манай харваачид найман удаа олимпод оролцсон байна. 

Энэ жил 35 настай Э.Саруул нь эрх зүйч, франц хэлний орчуулагч мэргэжилтэй, 2007 оноос байт харвааны спортоор хичээллэж, 2009 оноос шүүгчээр ажиллаж эхэлсэн. Түүний аав Р.Энхбат нь тэшүүр, ээж Б.Цэцгээ нь байт харваагаар хичээллэж байсан спортын гэр бүлд өссөн.

Тэрбээр 2013, 2019 оны Азийн АШТ, 2015, 2021 оны Залуучуудын ДАШТ, 2016 оны Дэлхийн цом, 2016 оны Оюутны ДАШТ, 2019 оны Универсиад, 2018 оны Залуучуудын III Олимпын наадамд тус тус шүүгчээр ажиллаж байсан.

Ингэснээр манай улсаас хоёр эмэгтэй шүүгч “Токио-2020” олимпын наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд орж байна. Олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчид Т.Энхцэцэг багтаад байгаа билээ.


Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпын Хороо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ