Ч.Мөнхбаяр: Өмнөд Монголчууд эх хэлтэйгээ салах ёс хийсэн гунигтай, шимшрэм үйл явдал боллоо
Өмнөд Монголын соёлын холбоо ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаяртай ярилцлаа.
-Өмнөд Монголд үндэсний бичиг соёлыг хориглох болсонтой холбогдуулан олон улсын хүрээнд хүний эрх хөндөгдлөө гэж үзэж байсан. Улмаар энэ сарын 1-ний хичээлийн шинэ жилээр монгол хэлний сүүлчийн хичээл танхимаар орсон байна. Тэгэхээр өмнөд монголчууд эх хэлний оронд хятад хэл судална гэсэн үг үү?
-Хятадад хичээлийн шинэ жилийн нээлт хоёр удаа болдог. Тодруулбал, намрын хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-ний өдөр, хаврын хичээл гуравдугаар сарын 1-нд ордог. Энэ хичээлийн жилээс хятад, монгол сургуулийг нэгтгэж нэгэн захиргаанд оруулах болсон. Улмаар монгол хүүхдүүд эх хэл хятад, гадаад хэл монгол гэсэн хуваарийн дагуу хичээллэхээр болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, монгол сургуулиудыг хятад сургууль болгох процесс явагдсан гэсэн үг. Тиймээс эх хэлний багш нар ажлаасаа халагдахаас өмнө сүүлийн удаа шавь нартайгаа салах ёс хийе гэсэн хүсэлтийг Хятадын талд удаа дараа тавьсан юм билээ. Хятадууд дахин эсэргүүцэлтэй тулгарахаас болгоомжилж багш нарын хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Ингэхдээ сурагчдад төрийн бодлогыг сайтар тайлбарлаж, үүнээс хойш хэрхэн хичээллэх талаар хэлж яриарай хэмээн хоёр тал зөвшилцөлд хүрчээ. Монгол хэлний багш нар цаг гаруй хугацаанд эх хэл, уран зохиолын хичээл зааж, цаашид ямар өөрчлөлт гарч байгааг сурагчдадаа тайлбарласан гунигтай, шимшрэм үйл явдал болжээ.
-Сургуульдаа очихдоо үндэсний хувцсаа өмсөж сүүлчийн хичээлдээ суусан бичлэг нь сошиал орчинд тавигдсан байсан?
-Хүүхдүүд үндэсний хувцсаа өмсөж, багш нартайгаа хадаг барьж золгоод нүдэндээ нулимстай сүүлчийн хичээлдээ ирсэн. Өмнөд монголчууд энэхүү үйл явдлыг Франц болон Пруссын дайны үед франц хэлний багш нар сүүлчийн хичээлээ заагаад сургуулиасаа явсантай зүйрлэж байгаа юм. Үүний тухай А.Доде “Сүүлчийн хичээл” хэмээх өгүүллэг бичсэн байдаг. Тэрхүү Францын дайн аль эрт 1870-аад онд болсон шүү дээ. Тэгтэл өнөөдөр XXI зуунд ийм эмгэнэлтэй үйл явдал давтагдаж байгаа нь харамсалтай. Тиймээс ч энэ жилийн сургуулийн нээлт өмнөд монголчуудад гунигтай уур амьсгал авчирлаа.
-Энэ семистрээс эхлээд бага сургуулийн түүх, ёс зүйн хичээлийг хятадаар заах болсон. Өмнө нь сурагчид эх хэлээрээ шалгалт өгч байсан бол одоо улсын шалгалтыг хятад хэлээр авахаар болж байгаа гэсэн мэдээлэл бий?
-Түрүүн хэлсэнчлэн эх хэл хятад, гадаад хэлийг монгол бичиг болгожээ. Түүнчлэн дунд ангийн түүхийн хичээлийг хятадаар орно. Тодруулбал, хятад хэл, түүх, хууль эрх зүйн хичээлийг хятад хэлээр заах аж. Өмнөд монголчуудын эсэргүүцэлтэй тулгарсан учраас тухайн гурван хичээлийг хятадаар орно хэмээн намар буулт хийсэн. Ингэснээр өмнөд монголчууд бага зэрэг тайвширсан байх. Гэхдээ хятадууд зөвхөн гурван хичээлийг л хятад хэлээр орно гэсэн амлалтдаа хүрээгүй. Монгол сургуулиудыг Хятадын сургууль болгох ажлыг эхлүүлж, үүнийгээ эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу хийж байна хэмээн тайлбарласан. Тодруулбал, хүүхдүүд маань хятад хэлийг сайн мэдэхгүй байгаа учраас тэдэнд бэрхшээл учирна гэсэн зовнил байна. Тиймээс ч монгол, хятад хүүхдүүдийг нэг ширээнд суулгаад, хятад хүүхэд монгол сурагчдаа туслах зохион байгуулалт бий болгоно хэмээн монгол сургуулиудыг олноор нь цомхтгосон юм.
-Монгол бичгийн хичээлийг гадаад хэл хэмээн үзэж өсөх нь ээ?
-Хятадууд энэ үймээн бужигнааныг ноднин зун эхлүүлэхдээ бүхий л сургалтыг хятад хэл рүү шилжүүлнэ хэмээж байсан. Ингээд ажил нь бүтэхгүй болоод ирэхээр тушаал шийдвэр гараагүй гэж мэлздэг. Өмнөд Монголд өмнө нь 7-8 удаа сургуулийн хичээлийг хятад хэлээр орох талаар асуудал үүсгэж байсан. Тэр болгонд ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас хэрэгжүүлээгүй. Ноднин тус асуудлыг дахин сөхөж, дараа нь иргэдийн эсэргүүцэл байсан учраас “Ийм тушаал шийдвэр гараагүй, бид зөвхөн гуравхан хичээлийн асуудал ярьсан. Эх хэлний хичээлийн оронд нийтийн хэл буюу хятад хэл орох ёстой” гэж тайлбарласан. Тухайн үед төрийн бодлогыг буруу ойлгож эсэргүүцсэн шалтгаанаар 10 мянган хүнийг баривчилсан байдаг. Гэвч үнэндээ тэд зөв ойлгосон, харин хятадууд өөрсдөө буулт хийснээ “буруу ойлгосон” хэмээн гүтгэсэн. Ингээд энэ сарын 1-нд бэлгэдлийн чанартай сүүлчийн хичээл орлоо. Өөрөөр хэлбэл, монгол хэлний оронд хятад хэл заахаар болжээ. Ерөөс Хятадын 56 үндэстэн нийлээд дундад үндэстэн гэж өөрсдөө ярьдаг. Дундад үндэстний эх хэл бол хятад хэл учраас эх хэлний оронд оруулна гэсэн бодлоготой. Харин гадаад хэлний хичээлийн оронд монгол хэлийг оруулахаар боллоо. Тэгэхээр бага ангид монгол хэлний хичээл орохгүй, дунд ангидаа үзнэ гэсэн үг.
-Хүүхдүүд бага ангиасаа эхлэн хятад хэл үзэж төлөвших нь ирээдүйд сөрөг үр дагавартай болов уу?
-Өмнөд Монголын хүүхдүүдийг боловсрол муутай болгож, нийгмээс шахан зайлуулах бодлого байх шиг. Хятад хэл ч үгүй, монгол хэл ч байхгүй болох магадлал өндөр байгаа юм. Хамгийн гол нь хүүхдүүд багаасаа хятад хэлээр боловсролоо хүртээд ирэхээр яах аргагүй Хятадын соёлд татагдана шүү дээ. Томчуудтай нь ноцолдохын оронд хүүхдүүдтэй нь үзвэл хятад болж өснө гэсэн шинэ бодлого байгаа юм. Том болсон хүмүүс Монголоо алдана гэж байдаггүй юм байна. Урьд нь томчуудад дундад үндэстний тухай ухуулга сурталчилгааны их ажил зохиодог байсан. Тэгвэл одоо хүүхдүүдтэй нь ажиллавал илүү алсын хараатай, үр дүнтэй учраас багаас нь хятадаар төлөвшүүлэхэд тун зохистой гэж үзэж л бодлогоо явуулж байна даа.
-Эцэг эхчүүд гэрээрээ хүүхдүүдээ эх хэлийг нь зааж сургах шаардлага үүсч байна гэсэн үг үү?
-Ийм бололцоо бараг байхгүй болов уу. Өмнөд Монголд малчин айл өрх олон бий. Төв суурин газарт 80 хувь нь хятадууд байдаг. Дээрээс нь тусдаа Өмнөд монголчуудын хороолол байдаггүй, холилдоод суурьшдаг. Хөдөө орон нутгийн малчид нь хүүхдүүдээ хошууны төвд дотуур байранд суулгадаг юм. Тиймээс гэрийн сургалт явуулах боломж хомс гэсэн үг. Ийм айхавтар харийн бодлого байгаа цагт гэрээр боловсрол олгоно, эх хэлийг эзэмшүүлнэ гэдэг хэцүү. Гэрээр сургалт явуулбал, төрийн бодлогыг эсэргүүцсэн хэмээн нөлөөлнө шүү дээ. Цаашдаа урьдын өмнөд монгол биш, хаалттай орон болох магадлалтай.
-Тэгвэл монгол бичиг, соёлыг хадгалж үлдэх өөр гарц гаргалаа бий юү?
-Дэлхий даяар дуугарч, хүний эрхийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн шаардлагыг тууштай тавибал нөхцөл байдлыг зөөлрүүлж чадна. Өмнөд монголчууд өмнө нь хятадаар хичээллүүлэхийг нь болиулахын төлөө удаа дараа тэмцэж байсан. Харин одоо дэлхий нийт шаардлага тавибал үр дүнд хүрч болно. Өөрөөр хэлбэл, даян дэлхий шаардлага тавих нь харгис бодлогыг зогсоох, зөөлрүүлэх гарц юм. Хятадаас бусдыг нь уусгана хэмээн тэд шийдсэн байна. Тэд дотооддоо ч хан Хятадаас бусдыг нь бүгдийг хан Хятадад уусгах бодлого баримталж буй. Тэгэхээр өөр аялгуугаар ярих сургахыг больсон гэсэн үг. Өмнөд Монголд ямар ч терроризм, хэт даварсан үзэгдэл байхгүй, үлгэр жишээ үзүүлдэг улс орон гэдэг нэртэй байсан шүү дээ. Ийм байхад хэл, соёлыг нь хорьж байгаа нь үнэхээр байж болшгүй.
-АНУ-ын Конгресс мэдэгдэл гаргаж хүний эрхийг зөрчсөн уг асуудлыг авч хэлэлцэнэ хэмээн нэг хэсэг мэдээлж байсан. Энэ ажил юу болсон юм бол?
-АНУ-ын Конгресст 100 мянган хүний гарын үсэг цуглуулбал тэр асуудлыг анхаардаг. Манай журмын нөхөд 100 мянга гаруй гарын үсэг цуглуулж, дагалдах товч мэдэгдлийг өгсөн. Улмаар АНУ хэлэлцэж хүсэлтийн дагуу хэд хоногийн дараа мэдэгдсэн л дээ. Тодруулбал, ийм байдал болж байгаад харамсаж байна л гэж хэлсэн. Мөн манай Америкийн сэтгүүлчийг Өмнөд Монголд байхад зүй бусаар хорьсонд дургүйцэж байна гэсэн утгатай хоёр мэдэгдэл гаргасан. Яг ийм асуудлаар Хонконг, Төвд, Шинжааны улсууд хандаж, улмаар хууль гаргасан байдаг. Түүн шиг өмнөд монголчуудыг хамгаалж тодорхой хууль гаргах хүсэлтээ хүргэсэн юм. Ингээд Өмнөд Монголоос хэсэг хүмүүс АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Р. Помпео нарын томчуудтай уулзсан юм билээ. Тэр үед “Хууль гаргуулахын тулд баримт хэрэгтэй. Тиймээс буруутгасан материал өгөхийг хүсч байна.
Уйгар, Төвд, Хонконг ийм материалаа өгч, баримтыг судалж хэлэлцээд хуулиа гаргасан” гэсэн байна лээ. Одоо тэрхүү материал дээр журмын нөхөд бид ажиллаж л байна.
ӨДРИЙН СОНИН П.САЙНЖАРГАЛ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ