Мьянмар: Жагсаал тараахаар гал нээсний улмаас нийт 54 хүн амиа алджээ
Цэргийн эргэлт гарсан Мьянмар улсын ард иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагссаар байна. Сүүлийн өдрүүдэд тус улсын цагдаагийнхан жагсагчдыг тараах зорилгоор зэвсэг, нулимс асгаруулах хий ашиглаж байгаа юм.
Лхагва гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаагийнхан иргэд рүү гал нээсний улмаас 38 хүн амь үрэгдсэн ч иргэд үүнээс халшралгүй пүрэв гарагт дахин олон хотод жагсаал зохион байгуулжээ. Харин пүрэв гарагт болсон жагсаалын үеэр хүний амь нас, эрүүл мэнд хохирсон талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, хоёрдугаар сарын нэгэнд цэргийн эргэлт гарснаас хойш Мьянмарт зохион байгуулагдсан эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 54 хүн амиа алджээ. Жагсаалын үеэр 1700 гаруй хүн баривчлагдсаны дотор 29 сэтгүүлч байгаа гэнэ.
Европын холбоо жагсагчдын эсрэг галт зэвсэг ашиглаж байгааг эрс шүүмжлэн, цэргийнхний эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн ч Мьянмарын цэргийнхэн үл ойшоон, хориг хязгаарлалтад бэлэн гэж мэдэгджээ.
Эргэн сануулахад, хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний дэмжлэгтэй нам парламентын сонгуульд ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн болон Засгийн газрын хооронд олон хоног хурцадмал байдал үүссэний дараа цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн. Тэд улсынхаа удирдлагуудыг баривчилсны дараа Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоон, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег түр хугацаанд Ерөнхийлөгчөөр томилсон юм.
Г.Бямбасүрэн shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ