ДЭМБ: Коронавирус дорго, туулайнаас тархсан байж болзошгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид КОВИД-19 Ухань хотын зах дээр борлуулсан дорго, молтогчин туулайгаар дамжин хүмүүсийн дунд тархсан байх боломжтой гэж таамаглаж байна.

“Wall Street Journal” хэвлэлд мэдээлснээр, эдгээр болон бусад амьтан нийлүүлэгчдийг тогтоох үүднээс судалгаа хийх шаардлагатай гэж ДЭМБ-ын шинжээчид үзэж байна. Ингэхдээ тэд Уханийн зах дээр хуулийн дагуу болон хууль бусаар борлуулагдаж байсан амьтдын бүрэн жагсаалтыг гаргаж амжаагүй байна. Түүнчлэн, ДЭМБ-ын шинжээчид усны булганы фермийн ахуй дээр өргөн хүрээний шинжилгээ хийх шаардлагатай байгаа талаар Хятадын талд санал тавьжээ.

ДЭМБ-ын олон улсын шинжээчдийн баг 2021 оны нэгдүгээр сарын 14-нөөс нэг сарын хугацаанд Хятад улсад ажиллаж, КОВИД-19-ийн гарал үүслийг тогтоох судалгаа хийсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт шинжээчид Ухань явуулсан судалгааны дүнг танилцуулсан. Тэд вирус тархахад Уханийн “Хуанань” далайн бүтээгдэхүүний зах ямар үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй хэвээр буйг онцлоод коронавирус сарьсан багваахайгаас тус захад шууд тархсан гэх таамаг магадлал багатай хэмээн мэдэгджээ. Вирусийг дамжуулсан гуравдагч тээгч байсан нь магадлал өндөр гэж үзэж байна. Энэ таамгийг шинжээчид нарийвчлан судлахаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ ДЭМБ-ын шинжээчид коронавирус лабораториос алдагдсан байх магадлал бага болохыг мэдэгджээ.

zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ