Онцгой байдлын дэглэм зөрчиж хурдан морьдын үсэргээ зохион байгуулжээ
Энэ сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Дам усны ам гэх газар өглөөний 09:00-11:00 цагийн орчимд хурдан морины үсэргээ, сунгаа зохион байгуулж онцгой нөхцөл байдлын дэглэм зөрчиж хүмүүсийн бөөгнөрөл бий болгосон дүр зургыг үзэгч та бүхэн харж байна. Хэсэг уяачид 2 насны 27 орчим морьдыг уралдуулсан гэх мэдээлэл байна. Энэ үеэр 20 гаруй авто машин цугласнаас гадна үсэргээ сунгааг үзэж сонирхсон иргэд, морь унаж уралдах хүүхдүүд, уяачид гээд маш олон хүний бөөгнөрлийг нэг дор үүсгэжээ. Уг нь МУЗГ-аас уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдалд онцгойлон анхаарч засгийн газрын 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн хуралдааны 57-р тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг хориглосон ч бодит байдал ийм байна. Цар тахлын үед олон хүний бөөгнөрөл үүсгэж хууль зөрчсөн үйл ажиллагаага зохион байгуулж байхад үүнд хяналт тавих ёстой чиг үүрэг бүхий байгууллагууд хаана юу хийж байв гэдэг нь анхаарал татлаа.
Эх сурвалж: www.khovd.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ