Бусад улс орнууд иргэдээ ЯМАР ДАРААЛЛААР ВАКЦИНД ХАМРУУЛЖ байна вэ?

ГЕРМАН УЛС ИРГЭДЭЭ ДАРААХ БАЙДЛААР ВАКЦИНЖУУЛНА

Германд ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтыг арванхоёрдугаар сарын 27-ноос эхлүүлсэн. Тус улсын Засгийн газрын зүгээс 80-аас дээш насны өндөр настнууд болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг хамгийн түрүүнд вакцинд хамруулахаа мэдэгдсэн нь нийгэмд маргаан үүсгэсэн юм.

Засгийн газрын зүгээс эхний ээлжид вакцинд хамрагдах ёстой тэргүүлэх гурван бүлгийг тодорхойлсон бөгөөд тус бүрийг хэд хэдэн дэд тэргүүлэх чиглэлүүдэд хуваажээ.

ВАКЦИН ХИЙЛГЭХ ХАМГИЙН ИХ ШААРДЛАГАТАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

  1. 80-аас дээш настай өндөр настнууд
  2. Ахмад настнуудыг гэрт очиж асаргаа хийдэг эмнэлгийн ажилтнууд. Мөн өндөр настнууд болон сэтгэцийн өвчтэй хүмүүстэй ажилладаг халамжийн ажилтнууд.
  3. Ковид-19-т өртөх эрсдэл өндөртэй эрүүл мэндийн ажилтнууд. Үүнд эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт ажилладаг хүмүүс болон анхны тусламжийн эмч, сувилагч нар багтана.
  4. Ковид-19-ийн улмаас нас барах эрсдэл өндөртэй өвчтөнүүдийг эмчилдэг эрүүл мэндийн ажилтнууд.

ВАКЦИН ХИЙЛГЭХ ӨНДӨР ШААРДЛАГАТАЙ ХОЁРДУГААР БҮЛЭГ

  1. 70-аас дээш насны хүмүүс.
  2. Ковид-19-ээс нас барах магадлалыг эрс нэмэгдүүлдэг эрүүл мэндийн суурь өвчтэй хүмүүс. Эдгээрт дементи болон үүнтэй ижил төстэй сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа эдгэрч буй хүмүүс, дауны синдромтой хүмүүс багтжээ.
  3. Асаргаанд байдаг эсвэл бие давхар эмэгтэйчүүдтэй ойр байгаа хүмүүс.
  4. Ковид-19-т өртөх эрсдэл өндөртэй эмч нар болон бусад эрүүл мэндийн ажилтнууд.
  5. Улсын эмнэлгүүдийн дэд бүтцийг хариуцдаг зайлшгүй шаардлагатай ажилтнууд.

ВАКЦИН ХИЙЛГЭХ ШААРДЛАГАТАЙ ГУРАВДУГААР БҮЛЭГ

  1. 60-аас дээш насныхан.
  2. Ковид-19-ийн халдвараар өвчилбөл бие нь хүндрэх суурь өвчтэй хүмүүс. Үүнд чихрийн шижин, хорт хавдар, бөөр, элэгний архаг өвчин, ХДХВ эсвэл бусад дархлал хомсдол, зүрхний өвчин, астма, эмнэлзүйн таргалалттай хүмүүс багтана.
  3. Дээрх хоёр бүлэгт багтаагүй эмнэлгийн ажилтнууд.
  4. Төрийн аппаратууд. Засгийн газар, цагдаа, гал түймэртэй тэмцэх газар, гамшгаас хамгаалах, парламентын гишүүд зэрэг төрийн нэн чухал үүрэг гүйцэтгэдэг хүмүүс үүнд багтана.
  5. Эрчим хүч, ус, хүнсний хангамж, харилцаа холбоо, тээврийн систем, эмийн сан, хот тохижилтын ажилтнууд зэрэг дэд бүтцийн ажилтнууд.
  6. Багш нар болон өдөр өнжүүлэх төвийн ажилтнууд.
  7. Мах боловсруулах үйлдвэр, агуулахад хагас цагийн ажил эрхэлдэг хүмүүс.
  8. Жижиглэнгийн худалдаа эрхлэгч нар.

Германы засгийн газар Нэгдүгээр сарын эцэс гэхэд 3-4 сая тун, 2021 оны гуравдугаар сарын сүүлээр 11-13 сая тунг авахаар төлөвлөснөө танилцуулж байв. Үүнээс үзэхэд зөвхөн эхний бүлэгт дархлаажуулалт хийхэд гуравдугаар сар хүртэл хугацаа шаардагдах юм. Тэгэхээр тус улсын 84 сая хүнийг вакцинд хамруулахад дор хаяж нэг жил шаардлагатай.

КОВИД-19-ИЙН ВАКЦИНЖУУЛАЛТЫГ АВСТРАЛИ УЛСАД ДАРААХ БАЙДЛААР ХИЙНЭ

Австрали Улс иргэдээ үе шаттайгаар ковид-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамруулна. Ингэхдээ нийтийн эрүүл мэнд, анагаах ухаан, тархвар судлалд үндэслэн вакциныг нэн тэргүүнд хийлгэх бүлгийн хүн амыг тодорхойлсон байна. 

Үүнд ковид-19-өөр өвдөх өндөр магадлалтай хүмүүс болон, халдвар авбал хүндээр өвдөх эрсдэл бүхий бүлгийн хүмүүс багтжээ. 

Австралийн засгийн газар 2021 онд багтааж аль болох олон хүнийг вакцинжуулалтад хамруулахаар зорьж буй тухайгаа зарласан юм. Нэн тэргүүнд эрсдэл бүхий зорилтот бүлгийг вакцинд хамруулах аж.

Вакцинжуулалтын төлөвлөгөөг нарийвчлан авч үзвэл:

1-Р ЭЭЛЖ 1A

  1. Тусгаарлах байр болон хилийн ажилтнууд
  2. Тэргүүн шугамд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнууд
  3. Өндөр настнууд болон хөдөлмөрийн чадваргүй хүмүүсийн асран хамгаалагчид
  4. Өндөр настнууд болон хөдөлмөрийн чадваргүй хүмүүстэй хамтран амьдрагчид

Вакцины тун: 1,4 сая хүртэлх

1-Р ЭЭЛЖ 1B

  1. 80-аас дээш насны хүмүүс
  2. 70-79 настай хүмүүс
  3. Бусад эрүүл мэндийн ажилтнууд
  4. 55 нас хүртэлх нутгийн уугуул оршин суугчид
  5. Хөдөлмөрийн чадвараа алдсан зэрэг эрүүл мэндийн суурь өвчтэй залуу хүмүүс
  6. Батлан хамгаалах, цагдаа, онцгой байдлын алба хаагчид болон мах боловсруулах үйлдвэрийн ажилчид

Вакцины тун: 14.8 сая хүртэлх

2-Р ЭЭЛЖ 2A

  1. 60-69 настай хүмүүс
  2. 50-59 настай хүмүүс
  3. 14-54 настай нутгийн уугуул оршин суугчид
  4. Халдварт өртөх эрсдэл бүхий алба хаагчид

Вакцины тун: 15,8 сая хүртэлх

2-Р ЭЭЛЖ 2B

  1. Насанд хүрсэн бусад хүмүүс
  2. Өмнөх вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүс

Вакцины тун: 16 сая хүртэлх

3-Р ЭЭЛЖ 

  1. 16-с доош насныханд вакцин хийх шаардлагатай болбол хийнэ.

Вакцины тун: 13,6 сая хүртэлх

Монгол Улс хүн амаа коронавирусийн вакцинжуулалтад ХАМРУУЛАХ ДАРААЛАЛЫГ танилцуулсан. Хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны 2 сая гаруй иргэнийг 2021 оны хоёрдугаар сарын 23-наас эхлэн үе шаттайгаар вакцинжуулалтад хамруулж эхэлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн юм.  

Эх сурвалж: dw.com, health.gov.au 

gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ