З.Санждорж: Жилийн ёгт нэр “тогтворгүй” гэсэн утгатай

ХVII жарны “Тогтворгүй хэмээх цагаагчин үхэр жилийн  ерөнхий төлөв байдлын талаар  Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн, Монголын их хүрээ хийдийн хамба лам, зурхайч, гэвш З.Санждоржтой хөөрөлдлөө.

 - Монголчууд барс сарыг жилийн эхэн болгосон ёс бий гэж дуулддаг нь ямар учиртай юм бол?  
-  “Барс эзэлсэн сарыг жилийн эх болгосон ёс 
нь Чингис хаан Тангудын Минаг хэмээх хааныг алж, улсыг нь эзлэн аваад хааны газрыг олсон өлзий хутгийн баясгалант хуримын сар хэмээн хуримлаж, барс эзэлсэн сарыг жилийн эх болгов” гэж нэрт эрдэмтэн Онходын Жамъян гүнгийн “Урт өдрийн улиг үгний бичиг”  сударт айлдаж,  монголчуудын цаг тооны бичгийн эхлэл нь хавар буюу Цагаан сарын шинийн нэгэн гэдгийг тодорхой заасан байдаг.
Үхэр  жилийн  өнгө  зурхайд хэрхэн бууж вэ?
-  Үхэр жилийн хаврын урь  энэ сарын -12 буюу  цагаагчин туулай өдөр орно.  Үүгээр цагаагчин үхэр жилийн өнгийг шинжвэл хаврын эхээр салхи шуургатай, зах хязгаар нутгаар  гандуу, төв сууринд  өвс ногооны гарц сайн. Зун нийт нутгаар хур тунадас элбэг хурц нартай ч зуншлага сайн, газрын шим  сайн, намар нь урт  налгар,  ургац арвин. Өвөл уулархаг нутагт цас ихтэй хүйтэн бусад нутгаар өнтэй өвөл болно. Идэр залууст  ээлтэй. Нялхаст ширүүн. Өндөр настанд хатуу жил болно. Бүх хонь жилтэнд сөрөг  нөлөөтэй.
- Үхэр жилтнүүдийн хувьд ямар байх  бол?
 - Бүх үхэр жилтэн онцгой  анхаарч   засал аргыг хийлгэх хэрэгтэй.
Улс орныг хамарсан томоохон үйл явдлууд  сударт  дурдагддаг  уу?
 - Төрийн төмөр хайрцагны сударт "Эмэгтэй хүн төр  барина. Лам хүн цэрэгт мордоно " гэжээ. Энэ нь үхэр жилд тэнгэрийн эрхсийн мөчлөг үе  билгийн мөн чанарыг дэмжих зүй тогтолцоотой болохыг үзүүлж байна. Эмэгтэйчүүд  соёл,  боловсрол, улс төр, нийгмийн амьдралд нөлөөтэй байр суурь эзлэх болсон нь  билгийн хүчин давамгайлах хандлагатай болсны илрэл. Лам хүн цэрэгт мордоно гэсэн нь Монголын бурхан шашны дээд удирдлага хэргэмтэн мяндагтан нар нь бурхны шашин их эрдэнэ газар орон хаана бат орших, эс орших нь их зонхи тухайн орон нутгийн шашны суурь болсон хуврагийн аймгийн дэг дэглэм, авир явдал, номлол бүтээл, заах сонсох, аж ахуй сэлтэс номын ёсчлон байгаа үгүйд харгалздаг жаяг цаазыг зөрчин  өөрсдийн нэр алдар, олз ашгийн төлөө төрийн өндөр албан тушаалтангуудад тал засаж, лам хувраг хүний ёс зүйг алдсанаас үүдэж энгийн лам хувраг нар орон хийдээсээ холдож хар хүн болох магадлалтайг сануулсан айлдвар юм.  
-Нийгэм олны тухайд  юу  айлдсан  бол?
- Нийгмийг шинжилж, дүн шинжилгээ дохио өгсөн олон судрын нэг  Монгол Данжуурт “Үнэхээр тийм буруу бодолт муу хүнд  өндөр их нэр хэргэм өгч дээрээ бүү гарга. Өндөр суудалд гарснаар ноёрхож ард олныг хорлодог нь үлгэрлэвээс арьсаа хөхрүүлсэн үнэг мэт гэжээ. Энэ нь  зальхай хүмүүсийг төрийн өндөр сэнтийд бүү залруул гэсэн санамж. Ийм зүйл тохиох магадлалтайг айлджээ.
-Цар тахалын  талаар айлдсан болов уу
 - Их хүрээний эрдэмтэн лам Чойжамцын зохиосон “Онцар гадон дэр зод” буюу Гайхамшигт хуримын сан хөмрөг  судрын  109-р бүлэг
,  “Их хүрээ” барын судрын 118 дугаар хуудасны ард  “Цөвүүн цаг эхлэх үед засах арга үгүй элдэв янзын халдварт өвчин гарна гэж айлджээ. Шалтгаан нь ам алдах, тангараг доройтох, тэнгэрийн найман аймаг, дагинасын хямрал зэргээс болно. Мөн судрын 183-р хуудасны ард ...Цөвүүн цагт 30 орчим насны хүмүүс хар нөмрөг  өмсөх,  үсээ тайрч задгай тавих, хар тулам (цүнх) үүрэх, хөлдөө шулмын хар гутал буюу шөвгөр хоншоортой гутал өмсөх болно. Тэр үед ялангуяа лусын өвчин элдэв янзын альбингийн хорлол (Вирус) өвчин их гарна гэж айлдсан.
 - 
Энэ жилийн тогтворгүй гэх нэрийн тухайд?           
 - 
Ёгт нэр юм. Нэмэгдэх хасагдах, өсөх буурах, дээшлэх доошлох гэсэн утгатай.  Төвөдөөр “Парба” гэдэг нь цөөвөр , чоно, шарнад гэх мэт амьтны нэр. Үхэр жилийн онцлог шинж нь төрийн хууль цааз төгс бус, дээдэс ноёд түшмэл  зөрчил тэмцэлтэй, өндөр алба тушаалтнуудын  суудал, зарлиг, тогтоол, шийдвэр нь тогтворгүй, байгаль цаг уурын хувьд тэнцвэргүй, эдийн засаг хөрөнгө мөнгө дутагдах, газар хөдлөх,  түймэр гарах, ган зуд нүүрлэх, халдварт өвчин дэлгэрэх зэрэг  утга санааг ёгт үгээр илэрхийлсэн байна. Өмнөх үхэр жилүүдийн түүхэн  онцлогоос дурдвал XI жарны “Эрхэт” хэмээх улаагчин үхэр жил  (1637 он) Өндөр гэгээн гурван  настайдаа  өдөрт хоёр  удаа “Жамбалцанжод” номыг уншин  хувилгаан дүрийг үзүүлжээ. XI жарны “Харшлалт” хэмээх шаргачин үхэр жилд (1649 он) Өндөр гэгээн Цаст төвөдийн оронд эрдэм сурахаар явж,  XII жарны “Шаргачин” үхэр  жил (1709 он)  77  сүүдэртэйдээ “Зүүн хүрээ”-г байгуулсан түүхтэй Үүнээс гадна XVI  жарны цагаагчин үхэр жил (1961он) Өндөр гэгээний зохиосон алтан соёмбот төрийн далбаа НҮБ-ийн өмнө сүндэрлэж Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхий дахинд тунхагласан. XVII жарны цагаагчин үхэр жил  олон сайхан үйл явдлыг Монголын түүхэнд  үлдээсэн  онцлог жил болох биз ээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ