Мьянмарт “Twitter”, “Instagram” нийгмийн сүлжээг хаажээ

НЕЙПИДО. /BBC/. Цэргийнхэн энэ долоо хоногийн даваа гарагт төрийн эргэлт хийсэн Мьянмарт иргэдийн Twitter”, Instagram” нийгмийн сүлжээг ашиглах боломжийг хязгаарлажээ.


“Цаашид нэмэлт мэдэгдэл гаргах хүртэл тус хоёр цахим хуудсанд нэвтрэх боломжийг хязгаарлахыг үүрэг болгосон” гэдгийг Мьянмарын интернэт үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниудын нэг болох “Telenor” баталсан байна.


Цэргийнхэн “тогтвортой байдлыг хангах үүднээс” “Facebook” нийгмийн сүлжээг пүрэв гаргаас түр хаасан юм. Мьянмарт ардчилсан замаар сонгогдсон удирдагчдыг баривчилсныг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн сүүлийн үед улам өргөжих болжээ.


Тухайлбал, Янгон хотод баасан гарагт их сургуулийн багш нар, оюутнууд цуглаж, улсынхаа де-факто удирдагч Аун Сан Су Чи болон түүний Ардчиллын төлөөх үндэсний лиг намын өндөр албан тушаалтнуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Аун Сан Су Чи гэрийн хорионд байгаа гэж түүний өмгөөлөгч мэдээлжээ. Цагдаагийн баримт бичгүүдэд тэмдэглэснээр, Аун Сан Су Чиг харилцаа холбооны тоног төхөөрөмжийг хууль бусаар импортолж ашигласан гэж буруутгаж байгаа ажээ. 

montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ