Өвдөөд эдгэрсэн ч дахин COVID-19 халдвар тусдаг шалтгааныг нэрлэжээ
Йелийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд коронавирусийн халдварыг дахин авах шалтгаануудыг нэрлэжээ. Эрдэмтдийн судалгааг BMJ Case Reports сэтгүүлд нийтлэсэн байна.
Эрдэмтэд өмнө нь коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдвар авсан тохиолдлуудыг судлаад, дархлаа сул болон өвчтөний бие организм дахь халдварын үлдэгдлүүд дахин идэвхжиж байгаа нь дахин халдвар авах шалтгаан болж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Эрдэмтдийн онцолсноор ийм тохиолдлууд харьцангуй цөөн бөгөөд дээрх шалтгаан нь давтан өвчлөлтэй шууд холбоотой гэж дүгнэж болохгүй гэнэ. Анх халдвар авснаас хойш 90 хоногийн дотор шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарвал давтан халдвар авсан гэхээсээ илүү вирус тогтвортой ялгарч байгааг илэрхийлнэ гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлж байв.
Судалгааны явцад коронавирусээр өвдөөд эдгэрсэн өвчтөн дөрвөн сарын дараа дахин халдвар авсан тохиолдлыг судалсан байна. Энэ тохиолдлын хувьд халдвар авсан нөхцөл нь хоёр өөр хэдий ч давтан халдвар авахад өмнөх халдвараас үүдэлтэй дархлаа "ажиллаж", давтан өвчлөл хөнгөн хэлбэртэй байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ