“Аюулын харанга” буюу хүүхдийн хавдар
Хавдар бие, сэтгэлийн болон эдийн засгийн “хүчийг ч сордог”
“Голоо тасартал” өвдөж, тамираа барагдтал зүдэрч байсан ч “амиа гартал” үрээ хайрлаж, эмтэрдэг нь эх, эцэг. Аминаасаа илүү хайрлаж өсгөсөн алаг үр нь өвдөж, бэдрэхийг харах шиг шаналан аав, ээжийн хувьд юусан. Гэтэл хавдар гэх аюулт өвчний улмаас мянга, мянган эцэг, эхийн сэтгэл “урагдаж” зуу, зуун хүүхдийн бяцхан зүрх “зүсэгдэж” байна. Тиймээс хөндөх ёстой, хөндүүр сэдэв бол хүүхдийн хавдрын асуудал юм.
Хүүхдийн хорт хавдрын тохиолдол жил бүр нэмэгдэж байна
Хэдхэн жилийн өмнө томчуудын гэх тодотголтой байсан энэ аюулт өвчин одоо аль ч насны хүүхдийг ялгадаггүй болж. Түүнчлэн нэр, төрөл нь ч олширсоор байна. Манай улсад одоогоос 20 гаруй жилийн өмнө хүүхдийн 1-2 төрлийн л хавдар бүртгэгддэг байсан бол дээрх үзүүлэлт сүүлийн жилүүдэд 10 дахин нэмэгджээ. Мөн улсын хэмжээнд 2014 онд 556 хүүхэд хавдартай гэж бүртгэгдэж байсан бол дөрөвхөн жилийн дотор уг тоо 702-т хүрсэн байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Энэ нь хүүхдийн хавдар огцом биш ч зугуухан нэмэгдэж буйг илэрхийлж байгаа бөгөөд төр бодлогын хүрээнд ямар нэг арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулж байна.
ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг
Хүүхдийн хавдрын тохиолдол жил бүр бага, багаар нэмэгдэж байна. Гэхдээ зөвхөн манай улсад ч биш дэлхий нийтийн хэмжээнд өсөх хандлагатай байгаа. Сүүлийн жилүүдэд шинэ тохиолдлын тоо тогтмол нэмэгдсэн нь оношилгоо, илрүүлэг сайжирч буйтай холбоотой ч байж болзошгүй.
Хавдар бие, сэтгэлийн болон эдийн засгийн “хүчийг ч сордог”
Манай улсад жил бүр хүүхдийн хорт хавдрын 100 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг байна. Түүнчлэн улс эх орондоо болон ураг төрөлдөө бяцхан зүрх бүхэн үнэлж баршгүй үнэ цэнтэй. Мөн хорт хавдар нэг сар, нэг улирал эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрдэг өвчин биш тул өрхийн эдийн засаг, гэр бүлийн бат бөх харилцаа зэрэг олон зүйлийн хүчийг сорьж, тамирыг шалгадаг байна. Энэ талаар цусны хорт хавдартайгаа тэмцэж буй бяцхан хүүгийн ээж Л “Зургаан сарын өмнө манай хүүхэд цусны хорт хавдартай болох нь тогтоогдсон. Алтан гартай эмч нарын буянаар үрийн минь биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч байгаа. Гэхдээ тоочоод байвал асуудал их байна. Хүүхдээ эрүүл, саруул болгох хамгийн чухал учир би ажлаасаа гараад гурван сар боллоо. Үргэлж эмчилгээ хийлгэж, эмнэлэг сахиж буй энэ бэрх үед нэг хүний цалингаар амь зууна гэдэг амаргүй. Хүүхдийн эм тарианд багагүй мөнгө шаардана. Ер нь л өдөр бүхэн санхүүгийн асуудал тулгардаг болсон. Халамжаас хэдэн төгрөг өгдөг ч тэр нь үнэндээ хаана ч хүрдэггүй. Хавдар бол ядууралд өртүүлдэг, сэтгэл зүйн уналт, стресст оруулдаг өвчин. Хүүхэд нь өвдөөд, үл ойлголцол бий болсны улмаас салж буй гэр бүл ч байдаг юм билээ” гэсэн юм.
Хорт хавдрын эмчилгээнд дэлхий нийтээрээ жил бүр 1.16 их наяд ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоолол бий. Харин манай улсад хүүхдийн хорт хавдрын хагалгаа эмчилгээг үнэ төлбөргүй хийдэг. Гэсэн хэдий ч зарим эм, тариагаа эцэг, эхчүүд өөрсдөө авах шаардлага тулгардаг байна. Мөн эм, тарианы олдоц, хүртээмж төдийлөн хангалттай байдаггүйг эмч, өвчтөнүүд хэлж байлаа. Ийнхүү ойр зуурын хэрэглээнд сард дунджаар 2-3 сая төгрөгийг зарцуулдаг аж. Харин гаднын улсад очиж эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд 100 гаруй сая төгрөг зарцуулдаг. Гэтэл эдгээр хүүхдийг болон ар гэрийг нь дэмжих цогц бодлого манай улсад дутагдалтай байна. Цусны хавдартай нэг хүүхдэд төрөөс сард 200 гаруй мянган төгрөг олгодог ч нэг эмийн үнэд хүрэхгүй эл мөнгө чамлалттай юм.
Хүүхдийн хавдраас урьдчилан сэргийлэх боломж байдаггүй
Хамгийн харамсалтай нь хүүхдийн бие сэтгэлийг болон эцэг, эхийн хүч тэнхээг тамирдуулж буй энэ өвчний шалтгааныг тодорхойлсон шинжлэх ухааны судалгаа байдаггүй аж. Тиймээс урьдчилан сэргийлэх ямар ч боломжгүй юм. Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийтэд хүүхдийн хорт хавдрын шалтгаан тодорхойгүй байдаг талаар ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн эрхлэгч Ч.Дэлгэрцэцэг тайлбарлав.
Тэрээр “Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувийг нь дэлхий нийтээрээ нарийн тогтоож чадаагүй. Харин таван хувь нь генийн мутацын улмаас буюу удамшлаас үүсэлтэй гэж үздэг. Ер нь хүүхдийн хавдар бол том хүнийхээс эрс ялгаатай. Том хүнд тохиолдож буй хавдрууд ихэвчлэн амьдралын турш хуримтлуулсан буруу дадал, зуршилтай холбоотой байдаг бол хүүхдийнх тийм биш. Мөн хөдөө өссөн хүүхэд эрүүл, хотод өссөн нь өвддөг гэх ойлголт ч байдаггүй. Нийгмийн зэрэг зиндаа ч хамаарахгүй. Тиймээс л шалтгааныг нь тодорхойлоход амаргүй байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ сайн анхаарч, эрт илрүүлэх хэрэгтэй. Халдварын шалтгаангүйгээр халуурч, бүлээрэх шинж тэмдэг илэрч байна уу, хангалттай амарсан ч ядарч, сульдах шинж тэмдэг илэрч байна уу, гэдэс, хэвлий хөл, гар хэвийн байна уу гэх зэргийг нь үргэлж ажиглаж байх нь чухал юм” гэлээ.
Боловсон хүчний асуудлыг анхаарах цаг болсон
Үхэл, амьдралтай тэмцэж буй бяцхан амь, амьдралын утга учир болсон үрээ өвдөж, тарчлахыг харж, шаналах эцэг эх, зовлон дунд бүдчиж буй үрсэд амьдрал бэлэглэхээр цаг, нарыг умартан ажиллах эмч, мэргэжилтэн. Энэ бол ЭХЭМҮТ-ийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийн дүр зураг, аж байдал. Энд буй эх, хүүхэд, эмч, сувилагч бүхэнд сэтгэл зүйн асуудал тулгардаг. Гэтэл төсөв мөнгө хангалтгүйн улмаас тус эмнэлэгт тасгийн сэтгэл зүйчийн орон тоо байдаггүй аж. Хэдий ЭХЭМҮТ-ийн хэмжээнд хоёр сэтгэл зүйч ажилладаг ч өвдөж зүдэрсэн хүүхэд бүхэнд хүрч ажиллахад хүч, боломж хүрэлцэхгүй нь мэдээж. Эм, эмчилгээний мөнгөө арай ядан хүргэж буй эцэг, эхэд өөрийнхөө болон хүүхдийнхээ сэтгэл зүйд зарцуулах хөрөнгө, цаг зав хангалтгүй. Гэтэл хавдрыг даван туулахад сэтгэл зүйн дархлаа чухал үүрэгтэй. Тиймээс эмч нар бие, сэтгэлийг нь илааршуулах үүргийг гүйцэтгээд олон жил өнгөрчээ. Мөн боловсон хүчнийг тогтвортой ажиллах боломж нөхцөлөөр хангах шаардлагатай байдгийг ч ажилтнууд онцолж байлаа.
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл 454
СЭТГЭГДЭЛ БИЧИХ