Сингапурт коронавирусний вакцин хийлгэсний дараа хүндрэл гарвал нөхөн төлбөр өгнө
СИНГАПУР. /The Straits Times/. Сингапурын эрх баригчид коронавирусний вакцин хийлгэсний дараа хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд 10 мянган сингапур доллар буюу 7500 ам.долларын нэг удаагийн нөхөн төлбар олгохоор болжээ.
Сингапурын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, энэхүү санаачилга нь вакцинд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чиглэсэн байна. Тус яамны санхүүгийн шинэ хөтөлбөрт тусгаснаар бол эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд нэг удаагийн төлбөрийг олгоно. Харин нас барсан эсвэл эрүүл мэндэд цаашид сөргөөр нөлөөлөх хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрсэн тохиолдолд 225 мянган сингапур доллар буюу 169 мянган ам.доллорын нөхөн төлбөр олгох аж.
Нөхөн төлбөрийг Сингапурын иргэдэд төдийгүй байнга оршин суудаг гадаадын оршин суугчид болон тэдний гэр бүлийн гишүүд ч авах боломжтой байна.
Коронавирусээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аяныг Сингапурын эрх баригчид өнгөрсөн оны сүүлчээр эхлүүлсэн бөгөөд Pfizer/BioNTech-ийн вакциныг хамгийн түрүүнд эмнэлгийн ажилтнууд, дараа нь Ерөнхий сайд Ли Сянь Лун тэргүүтэй Засгийн газрын гишүүд, мөн эрсдэлт бүлгийн иргэд хийлгэсэн юм. Хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг нэгдүгээр сарын 27-ноос эхлүүлжээ. Сингапурын иргэдийн дийлэнх нь энэ оны гуравдугаар улиралд вакцин хийлгэх төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ