В.Баярмаа: Цар тахлын улмаас хүмүүс нойргүйдэл, сэтгэл гутралд өртөж байна
Цар тахлын үеийн хүмүүсийн сэтгэл зүйн байдлын асуудлаар СЭМҮТ-ийн дэд захирал, Анагаах ухааны доктор, Клиникийн профессор В.Баярмаатай ярилцлаа.
-Цар тахлын улмаас хүмүүсийн сэтгэл зүйд өөрчлөлт орж буй талаар олон улсын түвшинд яригдаж байна. Манай улсад ч мөн энэ төрлийн асуудал үүсэж, хүмүүсийн сэтгэл зүйд хөл хорио, цар тахал нөлөөлж байна уу?
-Сэтгэцийн эрүүл мэндийн тухайд эрүүл сэтгэц, сэтгэцийн тулгамдсан асуудал, сэтгэцийн эмгэг гэсэн үндсэн гурван ойлголт бий. Сэтгэцийн эрүүл байдал гэдэг нь хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох чадвартай байхыг хэлдэг бол сэтгэцийн эмгэг нь өвчний олон улсын 10 дугаар ангиллын шалгуурыг хангасан бүлэг эмгэг юм. Харин нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас хүний сэтгэл хөдлөл, зан үйл түр зуур хямрахыг сэтгэцийн тулгамдсан асуудал гэнэ.
Цар тахлын улмаас үүссэн стресс нь сэтгэцийн тулгамдсан асуудлын нэг хэлбэр. Өөрөөр хэлбэл, коронавирусийн асуудал сэтгэл зүйн таагүй байдал үүсгэж байгаа юм.
-Цар тахлын улмаас үүссэн стресс нь сэтгэцийн тулгамдсан асуудлын нэг хэлбэр гэж хэллээ. Ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хоёр төрлийн судалгаа хийсэн. Эхний судалгаанд 4000 гаруй цахим хэрэглэгч хамрагдсан. Эдгийн 23 хувьд нь нойргүйдэл, 28 хувьд нь сэтгэл гутралын шинж тэмдэг ажиглагдсан бол сэтгэл түгшилт 23 хувьтай илэрсэн. Дараагийн судалгаанд ХӨСҮТ-д эмчилгээ хийлгээд эдгэрсэн болон эмчлэгдэж буй 147 хүнийг хамруулсан. Эдгээр хүнд мөн нойрны өөрчлөлт, сэтгэл түгшилт түгээмэл ажиглагдаж байсан.
-Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт хоёрын ялгаа юу вэ?
-Сэтгэл түгшилтийг хэвийн болон эмгэг гэж хоёр ангилдаг. Хэвийн сэтгэл түгшилт нь ямар нэг нөхцөл байдлын улмаас бий болдог бөгөөд асуудал намжих үед сэтгэл түгшилт ч мөн арилдаг. Тухайлбал, шалгалт өгөхийн өмнө айдас мэдрэгдээд, шалгалт дуусахад сэтгэл зүй хэвийн болдог шүү дээ. Үүнийг хэвийн сэтгэл түгшилт гэж үздэг. Харин айдас, түгшүүр удаан хугацаанд мэдэрсний улмаас эмгэг сэтгэг түгшил бий болдог. Жишээ нь, коронавирус тусах вий гэж удаан хугацаанд түгших нь эмгэг сэтгэл түгшилттэй болоход нөлөөлөх юм.
Сэтгэл гутрал нь уйтгартай, санаачлага, идэвхгүй болох шинж тэмдгээр илэрдэг. Түүнчлэн удаан хугацаанд сэтгэл гутралд байх нь сөрөг бодол төрөх, сөрөг зан үйл хийх зэрэг эрсдэл бий болгоно.
-Сэтгэл гутрал, сэтгэл түгшилт бий болсон үед ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Өөрийгөө тайвшруулах хэрэгтэй. Тухайлбал, тайвшруулах амьсгалын дасгал болон булчин суллах дасгал хийх, өөрийнхөө дуртай, өөрийгөө тайвшруулдаг үйлдлийг хийх зэрэг нь тайван байхал нөлөө үзүүлдэг.Түүнчлэн сэтгэл гутралын үед бодлоо зөв болгож, нөхцөл байдлыг эерэг байдлаар харах нь чухал.
-Судалгаанд оролцсон хүмүүсийн дунд нойрны асуудалд орсон хүн цөөнгүй байсан гэж та хэллээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Хүн шөнийн цагаар 7-8 цаг унтах шаардлагатай бөгөөд энэ хугацаанд сэрвэлзэхгүй, бат бөх амрах нь чухал юм.
Ингэж чадахгүй байхыг нойрны хямрал гэж нэрлэдэг. Нойрны хямралын нэг түгээмэл шинж тэмдэг нь нойргүйдэл. Шөнө нойр хүрэхгүй байх, бага цагаар унтаад сэрэх зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Нойргүйдэл нь сэтгэцийн байдлыг шууд илэрхийлдэг бөгөөд зургаан сараас дээш хугацаанд нойрны асуудалтай явахыг нойрны эмгэг гэж үзнэ.
-Нойргүйдлийг хэрхэн даван туулах вэ?
-Юун түрүүнд бодлоо цэгцэлнэ. Булчин суллах, тайвшруулах дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай. Тайвширсан хүн бөх нойрсдог. Хэрэв дээрх зан үйл нөлөө үзүүлэхгүй байгаа бол эмчийн заавраар эм хэрэглэх боломжтой.
Эх сурвалж: eagle.mn
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ