ГАДНЫН ХЭВЛЭЛД | Цар тахал ба эрх мэдлийн шилжилт
Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцроод яг дөрөв хонож байна. Цар тахлын үед гаргасан хүний эрхийн зөрчил, түүнээс үүдсэн иргэдийн тэмцэл Засгийн газрыг хэрхэн огцруулсан тухай дэлхийн 20 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцолжээ.
Энэ сарын 19-нд коронавирустэй дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Уг үйл явцыг Eagle телевизийн суваг үзэгчдэд хүргэхэд дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйг -20 хэмийн хүйтэнд нимгэн хувцастай тээвэрлэсэн нь иргэд олон нийтийн дүргүйцлийг хүргэж, сошиал сувгуудаар иргэд бухимдлаа илэрхийлсэн юм. Улмаар нэгдүгээр сарын 20-ны өдөр иргэд талбай дээр эсэргүүцлээ илэрхийлж жагсаал зохион байгуулсан. Яг энэ өдөр нь Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа зарласан юм. Шөнийн 12:00 цаг хүртэл үргэлжилсэн жагсаалын дараа өдөр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлага хүлээж огцорч буйгаа зарласан юм. УИХ-ын чуулганы хуралдаанаар У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд 95.2 хувийн саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон юм.
Гаднын хэвлэлүүд цар тахлын үеийн эрх мэдлийн шилжилтийг хэрхэн мэдээлснийг уншигч танд хүргэе.
Russia Today: Өвлийн хүйтэнд дулаан хувцас өмсүүлэлгүй эх, үр хоёрыг шилжүүлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо
Коронавирусээр оношлогдсон эхийг, нялх хүүхдийнх нь хамт тусгаарлагдах байр руу шилжүүлэхдээ дулаан хувцас өмсүүлэлгүйгээс үүдсэн жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорлоо.
“Хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ-рүү зөөх явцдаа хариуцлагагүй, хүнлэг бус үйлдэл гаргасан. Би хоёр охинтой, эцэг хүн. Тэр эмэгтэйгээс хариуцлагагүй байдал гаргаж ажилласан нөхдийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Монгол Улсын Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьсан юм.
Орон нутгийн нэгэн телевизээр эх, үр хоёрыг тээвэрлэх үйл явцыг нэвтрүүлсэн нь олон нийтийг жагсахад хүргэжээ. Эмнэлгийн зүгээс тухайн эмэгтэйн гэр бүлээс албан ёсоор уучлал эржээ.
Монгол Улсад одоогийн байдлаар коонавирусний батлагдсан 1584 тохиолдол байгаагаас, хоёр хүн нас бараад байна.
Xinhua: Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорлоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх пүрэв гарагт өөрийн хүсэлтээр огцорлоо. Тэрээр коронавирустэй өвчтөнийг, дөнгөж төрсөн хүүхдийнх нь хамт шилжүүлэх явцад гаргасан алдааны улмаас ийнхүү огцорсон байна.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлжээ.
Ерөнхий сайд огцрохоо мэдэгдэхээс өмнө түүний кабинетийн хоёр сайд албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухайгаа нийтэд зарласан билээ.
Орон нутгийн нэгэн телевизийн сувгаар дөнгөж төрсөн эхийг, нярайн хамт тусгаарлах байр руу шилжүүлэх явцад дулаан хувцас өмсгөөгүй нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм. Улмаар олон нийт Засгийн газраа огцрохыг шаардан жагссан байна.
Синьхуа агентлагийн дээрх мэдээллийг China Daily цахим хуудас онцлон мэдээлжээ.
AFP: Коронавирустэй эхийн эмчилгээг эсэргүүцсэн жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо
Монгол Улсад коронавирустэй дөнгөж төрсөн эхийг, нярайн хамт өөр эмнэлэг рүү шилжүүлэх тээвэрлэлтийн үеэр хүний эрхийг ноцтой зөрчсөний дараа эсэргүүцлийн жагсаал болж улмаар Монгол Улсан Ерөнхий сайд огцорлоо.
Далайд гарцгүй Монгол Улс өнгөрсөн жил хилээ хаан коронавирустэй амжилттай тэмцэж байсан ч арваннэгдүгээр сард дотоодын халдвар анх удаа бүртгэгдсэнээс хойш халдвар эрчимтэй нэмэгдсээр байна.
Өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн эмэгтэйг, нярайн хамт тээвэрлэхэд цельсийн -25 хэмийн хүйтэнд унтлагын хувцас, хуванцар шаахайтай тээвэрлэж байгаа нь телевизийн камерт бичигдэн үлдсэн. Чухам үүнээс шалтгаалан олон нийт бухимдлаа илэрхийлж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.
Лхагва гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Монгол Улсын Засгийн газар болсон явдалт уучлал хүсэн, Засгийн газар огцрохоо олон нийтэд зарлав.
“Харамсалтай нь халдвартай эхийг шилжүүлэх явцад алдаа гаргалаа. Үүнийг хараад зүрх шимширсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд хариуцлага хүлээх ээ мэдэгдье” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярисан юм.
Монголчууд амаржсан эхийг эхний саруудад нь гам бариулж хөрсөн хоол ч өгдөггүй уламжлалтай. Гэтэл өвлийн хүйтэнд амаржсан эхийг, нярайг нимгэн хувцастай түргэний тэрэгт суулгаж буй энэ үйл явц иргэдийн дургүйцлийг ихээр төрүүлсэн юм. Лхагва гарагт болсон эсэргүүцлийн жагсаалд залуус голдуу таван мянга гаруй иргэд төв талбайдаа цугласан. Жагсагчид өлгийтэй хүүхдийг дүрсэлсэн хүүхэлдэй төв талбайдаа тавьж эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Жагсаал болсон даруйд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайд өөрийн хүсэлтээр огцорсон. Түүнчлэн ХӨСҮТ-ийн дарга, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга зэрэг дунд шатны удирдлагуудад хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Төв Азийн ардчилсан улсад залуучууд улс төр болон системийн хямралтай тэмцсээр ирсэн туршлагатай. Коммунист засаглалаа халах зорилгоор залуусын эхлүүлсэн тэмцэл 1992 онд Ардчилсан үндсэн хууль батлагдсанаар шийдэгдэж байсан түүхтэй юм. Үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд төрийн сангийн мөнгийг өөрсдөдөө ашигтай эргүүлсэн, хээл, хахууль холбогдсон зэрэгтэй тэмцэн Ерөнхий сайдаар сонгогдож байжээ. Тэрээр албан тушаалаасаа бууж байгаа ч удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Төрийн тэргүүний хувьд “итгэл алдсан” гэдгээс харж болохоор байна.
Иргэдийн дуу хоолой
Өнгөрсөн долоо хоногт босон эсэргүүцлийн жагсаал эсэргүүцлийн зөвхөн нэг хэсэг. Цар тахал дэгдсэнээс хойш хилийн чанадад гацсан иргэдээ авахад хойрго хандаж, зохион байгуулалтгүй байгааг иргэд шүүмжилж байна. Түүнчлэн цар тахлаас шалтгаалсан хатуу хөл хорионы дэглэм, хилээ хаасан зэргийг ч шүүмжилдэг.
“Ковид-19” вирусээс шалтгаалж иргэдээ ядууруулж, өлсөж үх гэж байгаа юм уу” гэж 20 настай оюутан Л.Одбаяр ярилаа.
Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш орон нутагт зорчих хөдөлөгөөнийг хязгаарлах шийдвэртэй холбоотойгоор 80 гаруй мянган хүн нийслэл хотод гацжээ. Орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан холбоотой шийдвэрээс болж олон хүн машиндаа хонож байгааг ч эсэргүүцэж байлаа. Он гарахаас өмнө арванхоёрдугаар сард эмнэлгийн тусламж хүлээн машиндаа амьсгал хураасан 58 настай эмэгтэйн ар гэрээс Засгийн газрын зүгээс уучлал хүсэж байлаа.
Франц пресс агентлагийн дээрх мэдээллийг яг энэ агуулгаар Сингапурын “Channel News Asia” France 24 цахим хуудас АНУ-ын санхүүгийн мэдээллийн Barrons.com, Энэтхэгийн NDTV, Khaleej Times агентлагууд мэдээлсэн байв.
Reuters: “Ковид-19” цар тахалтай холбоотой жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцров
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа албан ёсоор зарлалаа. Улмаар парламентаар түүнийг огцруулах эсэхийг хэлэлцэж албан ёсоор огцорсон тухай “Монцамэ” агентлаг мэдээлжээ. У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрохоо мэдэгдэх үеэр “Олон нийтийн шаардлагыг Ерөнхий сайдын хувиар хүлээн авч” огцорч байгаагаа зарласан юм.
Өмнөх өдөр нь телевизийн сувгаар дөнгөж төрсөн эхийг, нялх хүүхэдтэй нь хамт өвлийн хүйтэнд нимгэн хувцастай тээвэрлэж байгааг цацсан бөгөөд үүнд бухимдсан иргэд лхагва гарагт төв талбайдаа цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Дээрх дүрс бичлэгийг харвал коронавирусний халдвартай амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ нимгэн унтлагын хувцастай тээвэрлэж байгаа нь бичигдэн үлджээ. Эсэргүүцлийн жагсаал болсон лхагва гарагт Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа зарласан.
Монгол Улс коронавирустэй тэмцэхэд хийж буй бодлогын арга хэмжээгээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сайшаал хүртэж байсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сард дотооддоо халдвар тархсанаас хойш дотоодын халдвар эрчимтэй өссөөр байна. Гурван сая хүн амтай Монгол Улсад одоогийн байдлаар 1584 тохиолдол /мэдээ нийтлэгдсэн 1.21-ний өдрийн байдлаар/ бүртгэгджээ.
Британийн “Reuters” агентлагийн дээрх мэдээг яг энэ агуулгаар нь Японы “Japan Times”, Канадын “National Post”, Швйецарийн алдарт “Swiss Info” цахим хуудас, Энэтхэгийн “Hindustan Times”, АНУ-ын “U.S.News” цахим хуудаст мэдээлжээ.
Associated Press: “Ковид-19” эмнэлгийн асуудлаас шалтгаалан Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо
Коронавирусээр оношлогдсон амаржсан эхийг өөр эмнэлэг рүү тээвэрлэхэд алдаа гаргасныг эсэргүүцсэн жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцорлоо.
У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Монгол ардын нам олонх болсон Улсын их хурлаар түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар дэмжсэн юм. Пүрэв орой болсон УИХ-ын хуралдааны үеэр Ардчилсан намаас сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дээрх улс төрийн хямралыг өдөөсөн гэж буруутгасан билээ.
Улаанбаатар хотын төв талбайд дөнгөж төрсийн эхийг, нялх хүүхдийнх нь хамт “ковид-19”-ийн тусгаарлах байр руу шилжүүлэхдээ нимгэн хувцас, шаахайтай байсныг телевизээр нэвтрүүлсэн юм. Өнгөрсөн лхагва гарагт үүнийг эсэргүүцсэн жижиг хэмжээний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагджээ. Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сард хилээ хааж, одоогийн байдлаар коронавирусний 1592 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Гэсэн ч хязгаарлалтын арга хэмжээнүүд эдийн засагт нөлөөлж байгааг олон нийт эсэргүүцэж байгаа юм.
Гэхдээ дээрх үйл явцын цаана У.Хүрэлсүх болон Х.Баттулгын олон жилийн улс төрийн тэмцэл оршиж байгаа. Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын хамгийн боломжит өрсөлдөгч нь У.Хүрэлсүх. Гэхдээ эрх баригч нам дотор нөлөө бүхий бизнесмен С.Батболд өрсөлдөх магадлалтай байна.
“Миний итгэж, найдаж, хамтарч ажилласан Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, улстөржүүлж, санхүүжүүлсэн” гэж У.Хүрэлсүх мэдэгдэлдээ дурдсан юм. Түүнчлэн “Эрх баригч намын хувьд Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Цаашилбал Монгол Улсын ард түмний эрх ашгийг хамгаалах ёстой хүн цаашид ийм үйлдлийг давтах ёсгүй” гэж хэлсэн үгэндээ онцолжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулаг парламентын чуулганд хандан хэлсэн үгэндээ Ерөнхий сайдын шийдвэрт цочирдож байгааг дурдаад “Оюу Толгой” төсөлтэй холбоотойгоор Монгол ардын намын бүлэглэлүүдийн хатгаасаар ийм үйлдэл хийж байгааг тэмдэглэжээ. Авлига хээл хахууль, эдийн засгийн тогтворгүй байдал, төрийн албаны сул үйлчилгээ Монгол Улсад нүүрлэсэн бөгөөд 3.2 хүнтэй энэ улсын тал нь нийслэл хотдоо амьдран суудаг.
Далайд гарцгүй Монгол Улс Зөвлөлтийн үеийнх шиг Москвагаас эрчим хүч экспортолдог, харин хүчирхэгжсээр буй БНХАУ нийт экспортын 90 гаруй хувийг эзэлж байна.
Америкийн алдарт Associated Press агентлагийн мэдээллийг яг энэ агуулгаар тус улсын “ABC News” суваг, Миннесота мужийн Star Tribune, Австралийн “Canberra Times”, Канадын “The Star”, Японы “Аsahi Shimbun” агентлаг мэдээлжээ.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ