Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар 33 тэрбум зээлийнхээ хүүг чөлөөлөх үү

Хөгжлийн банк хөгжлийг санхүүжүүлэгч биш улстөрчдийн түрийвч болсон гэдгийн энгийн жишээ энэ

Парламентаар аливаа хууль батлагдаж гарах үйл явцын дунд сайн болон саар лобби дагадаг. Сүүлийн үед МАН-ын нэр бүхэлд нь унагаад буй парламентын залуу гишүүд илтэд явцуу эрх ашиг шингэсэн хууль болон тогтоолын төслүүдийг санаачлан Монгол Улсын төрийн эрх дээд байгууллага буюу УИХ-аар хэлэлцүүлэх боллоо. Тухайлбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын гишүүд бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах УИХ-ын тогтоолын төслийг санаачлаад байгаа. КОВИД-19 цар тахлын үед ажлын байрыг хамгаалах зорилготой гэх уг тогтоолын төслийн хүрээнд бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулах, эргэн төлөлтийг нь хойшлуулах санхүүжилтийг төр буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах аж. Өнгөц харахад, тогтоолын төслөөр төр иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ арилжааны банк, ББСБ-аас авсан зээлийн хүүг бууруулж, эргэн төлөлтийг хойшлуулах мэт. Гэвч цар тахлаар далимдуулсан уг тогтоолын төсөл үнэн хэрэгтээ эрхэм гишүүд өөрсдийнхөө авсан зээлийн хүүг бууруулах, цаашлаад эргэн төлөлтөө төрийн мөнгөөр гүйцэлдүүлэх цаад шалтгаантай байж мэдэх юм.

Учир нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн баримт ил болоод байгаа. Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй  бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ.    Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна.  Тэгвэл Улсын Бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн  гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ.  Х.Хашчимэг болон УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нар бол төрсөн ах дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”-ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хера инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм ашиг сонирхол нэгтэй нөхөд улсын хөгжлийг дэмжих зорилготой Хөгжлийн хөгжлийн банкны хөрөнгөөс гаргаж авсан байгаа юм.

Хуулийн дагуу Хөгжлийн банк Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх ёстой. Гэтэл илтэд улстөрчдийн хамаарал бүхий компанид зээл олгосон талаараа Тавантолгойн Ухаа худгийн ордод туслан гүйцэтгэгчээр ажилладаг “Вертекс майнинг сервис” компанийн үйл ажиллагааг хуулийн шаардлага хангасан хэмээн үзэж зээл олгосон талаар тайлбар хийсэн байна. Сонирхуулахад, “Энержи ресурс” компанийн Ухаа худгийн ордын үйл ажиллагаа нэгэнт жигдэрчихсэн, хөгжлийн дэмжлэг шаардлагүйгээр бие даан ажиллах хэмжээнд хүрчихсэн гэдгийг уншигчид хэдийнэ мэдэх байх. Тиймээс Хөгжлийн банк хөгжлийг санхүүжүүлэгч бус улстөрчдийн түрийвч болсон гэдгийн энгийн жишээ энэ болж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ