С.Чингүүн Жо Байден, Камала Харрис нараас хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулахыг хүслээ

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх  ёслолын хүрээнд нэгдүгээр сарын 17-ны өдөр цахим орчинд явагдсан Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд Никелодеон сувгийн "All That" шоуны залуу жүжигчин С.Чингүүн болон бусад хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлж үг хэлсэн юм.

Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден болон Дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис нарт баяр хүргээд хүүхдүүдийн төлөө дараах гурван зүйлд анхаарлаа хандуулж ажиллахыг уриаллаа. Үүнд: 

"Нэгдүгээрт, бидний үеийнхний сэтгэлзүйн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна. Сурагч болгоныг сэтгэл зүйчтэй ганцаарчлан уулзах боломжоор хангаасай. Энэ нь манай үеийнхний дунд ихсээд байгаа түгшүүр, сэтгэлийн хямралыг бууруулахад тусална гэж бодож байна.

Хоёрдугаарт, орон даяар коллежийн төлбөрийг бууруулах мөн бага орлоготой гэр бүлийн оюутны зээлийг хөнгөлөөсэй гэж хүсэж байна. 

Гуравдугаарт, Тайм сэтгүүлийн оны шилдэг хүүхдээр анх удаа шалгарсан Гитанжали Раогоос санаа аваад цахимаар гадуурхахтай тэмцэхэд түүний зохиосон программтай ижил төсөлд засгийн газар хөрөнгө оруулаасай гэж хүсэж байна. Ингэснээр цахим гадуурхал ард хоцорно" гэлээ. 

/С.Чингүүний яриаг 01:07:09 дэх минутаас үзнэ үү/

С.Чингүүнээс гадна уг үйл ажиллагаанд цахимаар Сенатын гишүүн Эдвард Марки, виоленчель хөгжимчин Йо Йо Ма, жүжигчин Алисса Милано, сэтгүүлч Тиана Сёрманс, залуу жүжигчин Майкэл Мишель Харрис зэрэг хүмүүс оролцож үг хэлж, уран бүтээлээ толилуулжээ.

gogo gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ