Хямралын үед банкуудыг барьцаагүй зээл олгохыг зөвшөөрчээ
Дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн халдварын цар тахлын нөхцөлд дэлхийн улс орнууд хэрхэн ажиллаж бизнесийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээний талаар МҮХАҮТ-аас танилцуулсныг үргэлжлүүлэн хүргэж байна.
Малайз улсад хямралын эсрэг Төвбанк бодлогын хүүгээ 3 удаа бууруулж, Үнэт цаасны зохицуулах газар болон Хөрөнгийн бирж богино хугацаанд арилжаагаа зогсоож хориог 2020 оныг дуустал сунган хэрэгжүүлж ирэв.
Тус улсад 2021 оны 5 дугаар сарын 31-нийг хүртэл 300.000-аас 2.5 сая рингит (Малайзын мөнгөн дэвсгэрт)-ийн хооронд үнэтэй үл хөдлөх хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөөд байна.
Засгийн газар төсвөөс гаргасан багц болон 6 тэрбум рингитээс цахилгааны хөнгөлөлт болон түр хугацааны цалинтай чөлөөнд зориулж ДНБ-ийн 0.1 хувиас бага, 0.62 тэрбум рингит олгохоо зарлаад байна. Банкны зээл төлөлтийг хойшлуулах хугацааг сунгажээ.
Нидерланд улсад татварын хөнгөлөлт үзүүлэх, татвар төлөх хугацааг хойшлуулах, газрын төлбөрийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэв. Төвбанкнаас бодлогын хүүг 0.25-аас 1 нэгж хувиар бууруулсан. Цар тахлын нөлөөгөөр бизнес нь доголдсон ААН-үүдэд зарим арилжааны банк хүүгийн түвшинг бууруулжээ.
Герман улсад 100.000 оршин суугчтай газар "COVID-19"-ийн халдвар гарсан тохиолдолд эргэн хаах нөхцөлтэйгөөр үйлчилгээний газруудыг нээсэн. Холбооны Засгийн газраас нийт 218.5 тэрбум еврогийн төсвийг баталж, өр тавьж байна Ноцтой хохирол хүлээсэн жижиг бизнес эрхлэгч, хувиараа ажил эрхлэгч нарт 50 тэрбум еврогийн дэмжлэг, гарааны бизнес эрхлэгч нарт 2 тэрбум еврогийн дэмжлэг үзүүлжээ. 2020 оныг дуустал татвар төлөлтийг хойшлуулаад байв. ажилгүйдлийн даатгалын хугацааг түр хугацаанд уртасгаж, эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгоод байна.
Индонез улсад эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталж, үүнд зориулж 33.2 их наяд индонез рупи, багц дээр нэмж нийт 667.2 их наяд индонез рупи-ийн нэмэлт багц зарлаад байна. Бага орлогтой өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх, цахилгааны төлбөрийг хөнгөлөх зэргээр нийгмийн асуудлыг шийджээ. Аялал жуулчлалын салбар болон хязгаарлагдмал орлоготой иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлжээ. 2020-2021 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25-аас 22 хувь болгон бууруулж, 2022 онд үргэлжлүүлэн 20 хувь болтол бууруулах арга хэмжээг аваад байна.
Японы Төвбанк (BoJ) мөнгөний бодлогын хурал зарлаж, санхүүгийн зах зээлийн тогтвортой үйл ажиллагааг хангах, зээлийн эх үүсвэрийг урамшуулах цогц арга хэмжээ авчээ. Үүнд:
- Японы Засгийн газрын бонд (JGB)-ын худалдан авалтын хэмжээг болон давтамжийг нэмэгдүүлэх,
- санхүүгийн байгууллагуудад тусгай зээл олгож байгууллагуудыг санхүүжүүлэх,
- түр хугацааны BOJ-ийн ETF болон үлд хөдлөх хөрөнгийн үнэт цаас авах жилийн төлөвлөгөөг нэмэгдүүлэх,
- түр хугацаанд үнэт цаас болон компанийн бонд нэмэлтээр худалдан авахаар болсон.
Засгийн газар нь Японы санхүүгийн корпорац болон бусад байгууллагаар дамжуулан халдварт нэрвэгдсэн бичил, жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан хөнгөлөлттэй зээлийн, барьцаагүй, хүүгүй нөхцөлийг өргөжүүлэв. Хямралын үед зээлдэгч нарт Санхүүгийн үйлчилгээний агентлаг (FSA) банкуудыг барьцаагүй зээл олгохыг зөвшөөрсөн. Мөн FSA нь банкуудаас ипотекийн зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай бол хойшлуулж, ипотекийн зээлийн нөхцөлийг өөрчилжээ.
Итали улсад Засгийн газраас онцгой байдлын багц нэртэй 25 тэрбум еврог батлаад байна. Үүнд:
- Эрүүл мэндийн салбарт иргэдийг халдвараас хамгаалах үйл ажиллагааг сайжруулахад 3.2 тэрбум евро,
- ажлын байрыг хадгалах болон ажилгүй болсон иргэд, хувиараа ажил эрхлэгчдийн орлогыг хамгаалах 10.3 тэрбум евро,
- Их хохирол амссан хотууын бизнесийг дэмжих, татвар болон хэрэглээний зардлын төлбөрүүдийг хойшлуулахад зориулж 6.4 тэрбум евро,
- зээлийн нөөцийг нэмэгдүүлэхэд 5.1 тэрбум еврог зарцуулах аж.
Засгийн газраас дахин 55 тэрбум еврогийн санхүүгийн багцыг гаргаад байна. Үүнд:
- Өрхүүдийн орлогыг дэмжихэд 12 тэрбум евро,
- эрүүл мэндийн хамгааллыг санхүүжүүлэхэд 3.3 тэрбум евро,
- бусад бизнесийг дэмжих, ЖДҮ-ийг дэмжих, татварын хугацааг хойшлуулахад 16 тэрбум евро гаргажээ.
Канад улсад эдийн засгийг сэргээх, тусламж үзүүлэх 1 тэрбум канад долларын (763.8 тэрбум ам.доллартай тэнцэх) дүнтэй сан байгуулаад байна. Үүнд ажиллагч нарын цалинг олгох, жижиг болон дунд бизнес эрхлэгч нарт мөнгөн тусламж үзүүлэх, ажлын байраа нэмэгдүүлсэн ААН-үүдэд 15 хувийн татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ багтаж байна.
Польш улсад бичил компаниудад нэмж зээл олгоод байна. Энд НДШ-ийг цуцалжээ. Сургууль хаагдсантай холбоотойгоор бага насны хүүхдүүдтэй эцэг, эхэд тэтгэмж олгж эхэлжээ. Багш нарт алсаас хичээл оруулахад зориулж 500 еврогийн тоног төхөөрөмж авч өгөв.
Мөн орон нутгийн аялал жуулчлалын салбар хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор аялал жуулчлалын эрхийн бичгийг нэвтрүүлж, гэр бүлийн 500 злотын тэтгэмж авах эрхтэй хүүхэд бүрд Польш дахь зочид буудал, аялал жуулчлалын үйл ажиллагаанд зарцуулах нэг удаагийн эрхийн бичгийг олгож байна.
Хязгаарлалтад нэрвэгдсэн үйлдвэрийн газруудыг НДШ-ээс чөлөөлжээ. Польшийн Үндэсний банк бодлогын хүүгээ бууруулаад байна. Польшийн банкны холбооноос "COVID-19"-ийн нөлөөнд өртсөн зээлдэгч нарт зээлийн төлбөрийг хойшлуулах, хугацааг 3 сар хүртэл сунгахыг зөвшөөрчээ. Төвбанк арилжааны банканд хөрөнгө оруулж буй ААН-үүдэд зээл гаргав. Автозам, агаар болон төмөр замын дэд бүтцэд оруулах төсвийн хөрөнгө оруулалтад нэмж дэмжлэг үзүүлжээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ