О.Ууганбаатар шуугиулсан ч медаль хүртсэнгүй
Катарын нийслэл Дохад жүдогийн Мастерс тэмцээн болж байгаа билээ. 2010 оноос эхтэй энэ тэмцээний хоёр дахь өдөр манай таван бөх дэвжээнд гарсан ч медаль хүртэж чадсангүй. Тэднээс хамгийн сайн барилдсан нь ОУХМ О.Ууганбаатар. 81 кг-д зодоглосон тэрбээр "В" хэсэгт эхлээд Риогийн олимпын аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, ОХУ-ын Х.Халмурзаевтай таарч, хэн хэн нь нэг вазари аваад, гурван минут 39 секундэд зүүн гарт нь өчиж, цэвэр ялав. Хоёрдугаар тойрогт Лондоны олимпын хүрэл, дэлхийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэлтэй Канадын А.Валоис-Фортерийг ердөө 29 секундэд боож, цэвэр ялан шуугиулж, шөвгийн 16-д үлдсэн ч гуравдугаар тойрогт Узбекистаны Ш.Болтабоевт гурван минут 22 секундэд гурван торгуулиар цэвэр ялагдлаа. Энэ жингийн нөгөө бөх, дэлхийн аварга С.Моллай Гүржийн Л.Майсуразег ялсан ч Австрийн С.Борчашвилиг барсангүй. 73 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар нар хоёрдугаар тойргоос үзэгчдийн суудалд шилжсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Б.Ганхайч эхний даваанд бүдрэх нь тэр.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ