НҮБ: Хөл хорио эмэгтэйчүүдийн ажиллах цагийг уртасгасан
Эмэгтэйчүүд гэрийн ажил, хүүхэд асаргаа зэрэгт эрэгтэйчүүдээс гурав дахин их зарцуулдаг нь судалгаагаар батлагджээ. Тэгвэл цар тахлын үед эмэгтэйчүүд гэрээсээ ажиллахын хажуугаар гэрийн ажилд өмнөхөөсөө илүү цаг зарцуулж байгаа талаарх судалгааг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага танилцуулсан байна.
НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дэлхийн 38 орныг хамруулсан судалгаанаас харахад цар тахлаас өмнө гэр ахуй, хүүхэд асаргаа гэсэн цалин хөлсгүй ажилд эрэгтэйчүүд долоо хоногт 20 цаг, эмэгтэйчүүд 26 цагийг зарцуулдаг байжээ. Харин гэртээ хөл хоригдох болсноор энэхүү ажилд зарцуулах хугацаа эмэгтэйчүүдийнх 5.2 цагаар, эрэгтэйчүүдийнх 3.5 цагаар нэмэгджээ.
Эрэгтэйчүүдийн тэн хасаг нь хүүхэд асрах, хичээл заах, тоглож наадах, хоол хийх ажилд оролцоогүй байдаг бол 3/1 нь ямар ч ойлголтгүй байдгийг судалгаа харуулж байна.
Эсрэгээрээ хэзээ ч цалин хөлс авдаггүй, үнэлэгддэггүй гэр ахуйн бүхий л ажилд эмэгтэйчүүдийн зарцуулах цаг хугацаа нэмэгдсэн нь цалинтай ажлаа хийхийн хажуугаар томоохон сорилт болоод байна.
Эмэгтэйчүүд ийнхүү гэр орны ажил хийх үүрэгтэй мэт байдаг нь жендэрийн хэвшмэл ойлголтоос үүдэлтэй гэж энэ салбарын шинжээчид дүгнэж байна.
Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор “Цар тахлын үед эрэгтэй , эмэгтэй хүмүүс гэрээсээ ажиллах адилхан боломж нөхцөлүүд бий болж байгаа тохиолдолд гэр орны ажлаа адилхан хийгээд үр хүүхдээ асарч, халамжлаад зөв талаас нь өөрчлөлтийг хийгээсэй.
Эрэгтэй эмэгтэй ажилтныхаа гэр бүлдээ хүлээх үүрэг хариуцлага, цаашлаад эмэгтэйчүүдийг албан тушаал дэвшихэд нь саад болж байгаа хүчин зүйлсийг арилгах, эрэгтэйчүүдийн хувьд гэр бүлдээ зарцуулах цагийг бодлого, төлөвлөгөөндөө тусгаж өгөх зэрэг асуудлууд ажил, ар гэрийн тэнцвэр хангах гэсэн томьёололд хамаардаг” гэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд ажил, ар гэрийн тэнцвэр хангах талаар заалт тусгаагүй байна
Тэгвэл өнөөдөр ар гэрийн амьдрал, ажлаа зохицуулахад хөдөлмөр эрхлэгчдэд ямар бэрхшээл тулгарч байна вэ. Ажил хөдөлмөр эрхэлдэг хоёр хүн тутмын нэг нь хэт их цагаар ажилладаг гэсэн Үндэсний статистикийн хорооны судалгаа гарсан байдаг. Түүнээс гадна хүүхэд төрүүлсэн, бага насны хүүхэдтэй хүнд ажлын уян хатан нөхцөл бүрдээгүй байдаг. Нөгөө талдаа эхнэрийн орлого нөхрийнхөөс бага байх нь хэн мөнгө олж, хэн гэр орны ажил хийх вэ гэдэг сонголтыг гэр бүлд авчирдаг. Тиймээс ар гэр, ажлыг тэнцвэржүүлэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналыг илгээсэн ч тусыг эс олжээ.
Цар тахал, хөл хорио гэрээсээ ажиллах энэ бүхэн нэг гэр бүлийн эхнэр нөхөр хоёрт сүүлийн саруудад тохиолдож байгаа үйл явдал. Эхнэр нөхөр хоёулаа гэрээсээ ажиллаж байхад яагаад эмэгтэйчүүдийнх нь гэрийн ажилд зарцуулах цаг хугацаа, хүүхэд асаргаанд зарцуулж байгаа цаг хугацаа эрэгтэйгийнхээс хамаагүй их болов гэдэгт яагаад гэдэг асуултыг тавих уу эсвэл байдал л нэг зүйл гэсэн хэвшмэл ойлголттойгоо хэвээрээ үлдэх үү гэдэг нь үзэгч таны сонголт юм.
eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ