Пандемик стресс ба монголчууд

Цар тахлын нөлөөгөөр хүн төрөлхтний санааг зовоосон бас нэгэн томоохон бэрхшээл нь хөл хорионы үеийн сэтгэцийн тулгамдсан асуудал болов. Халдварын тархалт, хатуу хөл хорионоос үүдсэн шинэ сорилтын улмаас дэлхий нийтэд пандемик стресс гэсэн нэршил бий болсныг эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна. Цар тахлын үеийн стрессийг даван туулах асуудал хүн амд шинэ сорилт, аюул болж буй учраас улс орнууд хөл хорионд байгаа иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах сэтгэл зүйн онцгой бодлого хэрэгжүүлж эхэллээ.

 

COVID-19  халдвар нь хүн амын дундах стресс, бухимдлыг нэмэгдүүлэх томоохон хүчин зүйл болсноос өнөөдрийн байдлаар дэлхийд 300 сая хүн сэтгэл гутралаас болж шаналж байна гэсэн статистик бий. Жишээлбэл, халдварын голомт болсон БНХАУ-д хийсэн судалгаагаар хүн амын дунд сэтгэл түгшилт 29, сэтгэл гутрал 9-17, гэмтлийн дараах стрессийн эмгэг 36 хувийн тархалттай байгааг дурджээ. Олон сар, жилээр хөл хорионд байгаа иргэд стрессээ тайлж чадаагүйгээс сэтгэл гутралд орох, амиа хорлох, цаашлаад гэмт хэрэг үйлдэх шалтгаан болж байгаа аж. 

 

Тэгвэл энэ үзэгдэл манай улсад ч мөн адил нийгмийн тулгамдсан асуудал болж буйд мэргэжлийн байгууллагууд анхаарал хандуулж, томоохон судалгаанууд ч хийж байна. 2020 оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 24 цагийн 1800-2000 утсаар 1379 үйлчлүүлэгч холбогдож  COVID-19  цар тахлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тухай мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө авсан. Дотооддоо халдвар батлагдсанаас хойш зөвлөгөө өгөх утасны ачаалал эрс нэмэгдэж, арваннэгдүгээр сарын сүүлийн 15 хоногт 1003 үйлчлүүлэгч холбогдож цар тахлын үеийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл, сэтгэл зүйн зөвлөгөө авчээ. 

 

 
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭДЭГ 2656300 ХҮНИЙГ ТӨЛӨӨЛЖ ЧАДАХУЙЦ 3840 ИРГЭНИЙГ ХАМРУУЛАН ТООЦОО ГАРГАЖЭЭ. 

Коронавируст халдварын улмаас хатуу хөл хорионд байгаа иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, тархалтыг тогтоох, нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах, иргэдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх  зорилгоор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс үндэсний хэмжээний томоохон судалгаа явуулжээ. Нэг агшингийн бичиглэл судалгааны загвараар олон нийтийн цахим орчин буюу фэйсбүүк, твиттер, гүүглд суурилан мэдээллээ цуглуулсан байна. 

 Монгол Улсын хэмжээнд интернэт хэрэглэдэг 2656300 хүнийг төлөөлж чадахуйц 3840 иргэнийг хамруулан тооцоо гаргажээ. Ингэж сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэхдээ олон улсын хэмжээнд өргөн хэрэглэдэг эмчлүүлэгчийн эрүүл мэндийн асуумж PHQ-9 (Patient Health Questionnaire-9), түгээмэл сэтгэл түгших эмгэг - GAD-7 (Generalized Anxiety Disorder-7)-ийн стандарт сорилыг ашигласан байна.

 

Судалгаанд  72.4 хувь нь хотод, 25.3 хувь нь хөдөө орон нутагт, 2.3 хувь нь гадаадад амьдардаг иргэдийг хамруулсан. Тэдний 63 хувь нь хатуу хөл хорионд, 15 хувь нь гэрээсээ, 14.8 хувь нь ажилдаа хэвийн явж байгаа, 3.5 хувь нь айлд хөл хорионд, нэг хувь нь эмнэлэгт, 0.9 хувь нь тусгаарлах байранд амьдардаг гэжээ. Харин цар тахлын халдвар ажил, амьдралд маш их нөлөөлсөн гэж 38.1 хувь нь хариулсан бол  32 хувь нь их, 27 хувь нь бага, хоёр хувь нь үгүй гэсэн байна. 

 

Судалгаанаас харахад иргэд хөл хорионы өдрүүдэд цахим орчин, дэлгэцэнд маш их цаг хугацааг зарцуулж байгаа дүр зураг харагдаж байна. Тодруулбал, 33 хувь нь өдөрт зургаагаас дээш цагийг дэлгэцэнд зарцуулж байна гэсэн бол 52 хувь нь 2-6 цаг, 15 хувь нь хоёроос бага цаг. Ингэхдээ 64.7 хувь нь кино үзэх, 36-53 хувь нь гэрийнхэн, хүүхдүүдтэйгээ тоглох, 32 хувь нь шинэ зүйл сурах гэсэн бол 2.8 хувь нь ажлаа хийх, нэг хувь нь хичээлээ хийх гэж хариулсан сонирхолтой харьцуулалт гарч байна. 

 

Хот, хөдөөгийн 4000 гаруй иргэнийг хамруулсан судалгааны үр дүнгээс харахад тархалт сэтгэл гутрал 22.1 хувь буюу 957 хүн, амиа хорлох бодол 23.1 хувь буюу 1002, сэтгэл түгшилт 20.5 хувь 888, нойргүйдэл 23.3 хувь 1009 хүн байна.

 

Өөрөөр хэлбэл, коронавируст халдварын үеийн хатуу хөл хорионд байгаа иргэдийн 4-5 хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа дүр зураг гарсан байна.  Оролцогчдын 22.1 хувь нь сэтгэл гутралтай гэж хариулсан шалтгааныг тандахад ихэнх нь Улаанбаатар хотод оршин суудаг, хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа 30-39 насны гэрлэсэн эмэгтэйчүүд. 500 мянгаас нэг сая төгрөгийн дундаж орлоготой, энгийн ажил эрхэлдэг, хатуу хөл хорионоос шалтгаалж өрхийн орлого буурсан. Өдөрт зургаагаас дээш цагийг цахим орчинд өнгөрүүлдэг гэж хариулжээ. Коронавируст халдвар “ ажил, амьдралд маш их нөлөөлсөн“, цар тахлын дэгдэлтэд “маш их санаа зовж байна” гэж хариулсан хүмүүс сэтгэл гутралд илүү өртөж байгаа статистик гарсан байна. 

 

Харин судалгаанд оролцогчдын 23.1 хувьд амиа хорлох бодол илэрсний шалтгааныг асуухад сэтгэл гутралтай гэж үнэлэгдсэн 957 оролцогчийн 60.9 хувь нь “Үхсэн нь дээр” гэж хариулсан байна. Мөн сэтгэл түгшилтэй гэж хариулсан 20.5 хувийн төлөөлөл 30-39 насны гэрлэсэн, хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа эмэгтэйчүүд байгаа бол нойрны өөрчлөлт илэрсэн 23.3 хувьд 30-39 насны гэрлэсэн, хатуу хөл хорионы улмаас гэртээ байгаа.

 

500 мянгаас нэг сая төгрөгийн дундаж орлоготой, төрийн албан хаагч. Өдөрт 2-6 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг хүмүүсийн төлөөлөл байгаа юм. Тиймээс хатуу хөл хорионы улмаас хэт бухимдаж, сэтгэл гутралд орохгүйн тулд нийтээрээр стресс тайлах энгийн ур чадварт суралцах хэрэгтэй. Үүний тулд хамгийн гол нь нойр хангалттай авч хоногт 7-8 цаг унтах ёстой. 

 

Сэтгэл түгшилтийг тайлахын тулд амьсгалын дасгалуудыг хэвшил болгох бол аливааг эерэгээр харж, хүлээж авах нь сэтгэл гутралаас ангижруулдаг. Сэтгэл нь таагүй байгаа хүмүүст хүнлэг, энэрэнгүй хандах мэдлэг мэдээлэлд суралцъя гэдгийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. 

 

Түүнчлэн байгууллага бүр тусгай сэтгэлзүйч ажиллуулж, сэтгэцийн эрүүл мэндийн боловсролыг хүүхэд ахуй наснаас олгох нь ирээдүйд стресс даван туулах чадвартай, сэтгэл зүйн дархлаатай, дасан зохицох чадвартай хувь хүн бий болох үндэс гэдгийг ярих цаг болсныг пандемик стресс сануулж буй юм. 

 

СЭТГЭЦИЙН ИХ ЭМЧ, АУ-Ы МАГИСТР Х.ЭРХЦЭЦЭГ: СТРЕСС ТАЙЛАХ АРГУУДЫГ ТУРШИЖ ҮЗЭЭД ӨӨРТ ТААРАХЫГ ХЭВШҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

 

-Хөл хорионы үед гэртээ удаан хугацаанд байснаас хүмүүсийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор сэтгэл зүйн төрөл бүрийн хариу урвал бий болж байна. Сөрөг хариу урвал нь уурлах бухимдах, айдас түгшүүртэй байх, сэтгэл гутралд өртөж байна. Харин эерэг тал нь өөрийгөө хөгжүүлэх боломж гаргах, амрах, гэр бүлтэйгээ байх боломж олгож байна.

 

Сэтгэл түгшилт бол бие махбодийг хамгаалж байгаа хэвийн хариу  урвал бөгөөд хэсэг хугацааны дараа намждаг. Харин сэтгэл гутрал, бухимдлаа тайлахгүй бол дасан зохицох эмгэг үүсдэг. Энэ нь булчингийн чангарал, шалтгаангүй бие махбодь өвдөх, даралт ихсэх, оюун ухааны чадвар буурах, анхаарал сарних, гэмших, өөртөө итгэлгүй болох зэргээр илэрдэг. Сэтгэл зүйгээ хамгаалах, бухимдлаа тайлах аргыг гаднаас хайгаад хэрэггүй. Хүн бүрийн онцлогоос хамаарч стресс тайлах арга өөр. Зарим хүн дуртай спортоо үзэж тайвширдаг бол ном уншиж, зураг зурах, хөгжим сонсч бухимдлаа тайлдаг хүмүүс ч бий. Тиймээс стресс тайлах аргуудыг туршиж үзээд өөрт таарахыг хэвшүүлэх хэрэгтэй. Мөн юунаас  болж стрессдээд байгаагаа олж, яавал ангижрах вэ гэдгээ сурах нь хамгийн үр дүнтэй. 

 

СЭТГЭЛ ЗАСАЛЧ ЭМЧ Г.ГАНТУЛГА: ТАЙВШРУУЛАХ, БУЛЧИН СУЛРУУЛАХАД АМЬСГАЛЫН ДАСГАЛ ҮР ДҮНТЭЙ

 

-Стрессийн түвшинг бууруулах, тайвшруулах, булчин сулруулахад амьсгалын дасгал үр дүнтэй. Амьсгалын дасгал нь айдас, сэтгэл түгшилтийг бууруулах, амьдралын идэвхийг сайжруулах, стрессийг даван туулахад тусална. Дасгалыг гэр бүлийн гишүүдээрээ өдрийн аль ч цагт хийх боломжтой. Харин амьсгалын дасгал хийх явцад толгой эргэх, дотор муухайрах мэдрэмж илэрвэл түр зогсооно. Биеийн босоо, суугаа, хэвтээ аль нэг байрлалыг сонгоод зүүн гарын алгаа хэвлий буюу хүйсэн дээрээ тавина. Дараа нь баруун гараа зүүн гар дээрээ эвтэй байхаар тавьж амьсгалаа яаж авч байгаагаа болон амьсгалаа хэрхэн зохицуулж байгаагаа мэдрэх ёстой. Амьсгал авахдаа 2-3 секундийн хугацаанд аажмаар авч, амьсгал  авсны дараа 2-3 секундийн хугацаанд түгжинэ. Амьсгалаа түгжих үедээ “Би тайван байна” гэж бодно. 2-3 секундийн хугацаанд аажмаар, зөөлнөөр амаараа үлээж гадагшлуулэх энэ дасгалыг эхлээд 3-5 удаа давтаж хийгээрэй. 

 

СЭМҮТ-ИЙН ЭМЧ, МЭРГЭЖИЛТЭН Б.НАЦАГСҮРЭН: ЦАХИМ ОРЧИНГ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЖ СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ ТАЙВАН БАЙЛГАХ НЬ ЧУХАЛ

 

-COVID-19  халдвар нь хүн амын дундах стресс, бухимдлыг нэмэгдүүлж байгаа нэгэн том  хүчин зүйл болж байна. Сэтгэл гутралын үед сэтгэл санаагаар унах, сөрөг бодолд автах, тамир тэнхээгүй болсон мэт санагдах, сэдэл тэмүүлэлгүй болох, нойргүйдэл, нийгмийн идэвх сонирхол буурах гэсэн олон шинж тэмдэг илэрдэг. Сэтгэл санаагаар унах, сэтгэл гутрал үүсэхэд удамшил, нас, хүйс, гэр бүлийн байдал, ажилгүйдэл, эдийн засгийн байдал гэсэн нийгмийн хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс иргэд COVID-19 халдварын талаарх мэдээллийг баттай эх сурвалжаас авч, авсан мэдээлэлдээ дүгнэлт хийх, цахим орчныг зүй зохистой хэрэглэж сэтгэл зүйгээ тайван байлгах хэрэгтэй.

 

Стрессийг даван туулахдаа ашиглаж байсан өөрийн аргаа дахин хэрэглэх эсвэл шинэ аргуудыг хайж, хэрэглэж өөртөө дадал болгоорой. Жишээлбэл, хөл хорионд байгаа орчиндоо тааруулан өдрийг үр дүнтэй өнгөрүүлэх төлөвлөгөө гаргаж болно. Төлөвлөгөө гаргахдаа гэртээ байгаа боломжоо ашиглан өөрийн хийхийг хүсдэг байсан зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж, бодитойгоор хэрэгжүүлэх нь стрессийг бууруулж, эрч хүч, урам зоригтой болгодог. Бухимдлаа тайлж, зохицуулахгүй удаан хугацаанд байх нь стрессийн шалтгаант сэтгэцийн болон биеийн эмгэгээр өвдөх эрсдэлт хүчин зүйл болдог. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ