Сэтгүүлч, орчуулагч Х.Эрдэнэцэцэг:Хүүхдүүд төрөнгүүт нөхөр маань "Чи гэр зөвхөн монголоор ярина шүү" гэж аминчлан захиж билээ

        Шинэ оны анхны ярилцлагынхаа зочноор Х.Эрдэнэцэцэг хэмээх орчуулагч, сэтгүүлч бүсгүйг урилаа. "Зохист дорно" хэвлэлийн газрыг хамтран үүсгэн байгуулагч тэрбээр Японд амьдардаг болсоор 20 жилийг үдэж буй бөгөөд Осакад анхилуун үнэрийн засалчаар ажилладаг. Япон хэлнээс "Ээж, аавуудад илгээх ид шидийн үгс"(2005), "Бүсгүй зөн сэрэхүй"(2019), англи хэлнээс "Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд"(2007) ном орчуулж, олны хүртээл болгосон энэ уран бүтээлч "Анхилуун ургамлын увидас"(2015), "Арслан" хөрөг дурдатгал(2018) номын хамтран зохиогчоор ажиллаж, 2018 онд "Тэргэл саран" дурсамж ном бичжээ. 
Мөн өдгөө цэцгийн охь заслын тухай "Шүүдрийн увидас" ном бичиж буй.
 Түүнчлэн "Өдрийн сонин"-ы Япон дахь тусгай сурвалжлагч.      
-Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудын нэг төлөөлөл бол яалт ч үгүй та. Японд амьдраад хэр удаж байна вэ?                                
-Энд ирээд 20 жил болжээ. Осака хотод нөхөр, гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Анхилуун үнэрийн бариа, засал хийхийн хажуугаар байгалийн заслын тухай шинэ номоо бичиж, судалгаа хийсээр л.                  
-Та УБИС-ийг төгссөн байх аа...                                              
 -Тийм ээ, англи-монгол хэлний багш, орчуулагчийн ангийг төгсөж байлаа. Ном хийх, бүтээхийн жаргал, эх хэлний өндөр мэдлэг, найруулга орчуулагч хүнд хэчнээн чухал болохыг Одонтөр багшаасаа анх мэдэж, сурч, хөглөгдөж, урам зориг авч явснаа би эргэн дурсмаар байна. Багш минь агуу, сод авьяастай хүн байсан шүү. Миний зүрх сэтгэлд үргэлж амьд оршин байдаг.                                          
-Багш хүн болохоор эх хэлээ хүүхдүүддээ заадаг уу? Ер нь танай гэр бүл монголоор ярьдаг уу?                     
-Тэгэлгүй яах вэ. Нөхөр минь Монголд их элэгтэй хүн л дээ. Хүүхдүүд төрөнгүүт надад "Чи гэрт зөвхөн монголоор л ярина шүү" гэж аминчлан захиж байсан юм. Би ч хэлснээр нь гэртээ ямар ч япон үг хавчуулахгүй дан монголоор ярьдаг. Хүүхдүүд маань монголоор үсэглэж уншина, ойр зуурын яриа ойлгоно. Миний хэлснийг бараг бүрэн гүйцэд ойлгоно. Гэхдээ асуултанд японоор хариулдаг. Олон жил нутгаасаа хол байгаад ч юм уу нас ахиад тэр үү Монгол руугаа гэх хүсэл тэмүүлэл оргилж, ярих хэлэх болгондоо Монгол хэмээх нэгэн эд эс агуулж буйг мэдүүлэхийг хүсдэг болдог юм байна. Ер нь их үндсэрхэг болж байна даа.                                  
 -Японд амьдардаг монголчуудтай хэр холбоотой байдаг вэ?                                                         -Амь нэгтэй байдаг шүү. Ямар нэг юм болоход үргэлж хамт байхыг хичээдэг. Би эндээ, Осака хавийн бүс нутагтаа хамаарагдах "Кэнсай монголчуудын холбоо"-ны удирдах зөвлөлд багтдаг болохоор энд амьдардаг нутаг нэгтнүүдийнхээ дунд уншигчдын уулзалт, монгол кино өдөрлөг, концерт зохион байгуулахад оролцож, монгол номын цахим дэлгүүр ажиллуулдаг юм.  
 -Наана чинь амьдардаг монголчууд хэр олон бэ?              
-Япон даяар 12 мянга гаруй монгол ажиллаж, суралцаж байна. Сүүлийн үед гурван жилийн гэрээгээр дадлагажигч ажилтан залуус олноор ирэх болсон.                              
 -Хятадуудын хороолол хаана л бол хаана байдаг. Харин монголчуудын хороолол Японд бий юу?                
-Одоогоор алга. Гэхдээ Токиод "Миний Монгол" монгол сургууль, "Улаанбаатар" монгол хоолны газар, караоке байдаг. Тэнд л монголчууд маань их цуглардаг юм. Нагояд "Эрна" хоолны газар, Осакад "Зайсан" бас өөр нэг караоке, хоолны газар бий. Хааяа очоод, дуулж, хөгжилдөн, эх нутгаа санасан сэтгэлээ тайлдаг шүү.                             
 -Япончууд болон монголчуудад адил төстэй зүйл бий юу?                           
 -Адилхан дорнын улс болохоор ичимхий, даруу төлөв гээд төстэй тал бий. Япончууд их дотогшоо улс. Хүнийг эвгүй байдалд оруулахгүй гээд үнэн сэтгэлээ хэр баргийн илэрхийлэхгүй, ая тал засах гээд ч байгаа юм шиг.Заримдаа харьцахад жаахан төвөгтэй байдаг л даа.Яг яах гээд байгааг нь ойлгоход хэцүү. Бас тэд их тэвчээртэй, ажлын өндөр хариуцлагатай. Цаг яс барина, за гэвэл ёогүй гэдэг шиг хэлсэн үгэндээ заавал хүрнэ, үнэхээр үнэнч улс. Дээр нь хүнд төвөг болчих вий гээд юм гуйж чаддаггүй, их нэрэлхүү.                                    
-Та анхилуун үнэрийн засалчаар ажилладаг гэсэн...                                         
-Салонд арома засалчаар ажилладаг. Бие сэтгэл нь ядарч, туйлдсан хүний нурууг тэнийлгэж, сэтгэлийг нь өчүүхэн ч атугай хангөрүүлж, урам зориг, баяр баясгалан бэлэглэе, хүний төлөө ямар нэг зүйл хийе гэж бодоод ажиллаж эхэлсэн юм.                                                -"Өдрийн сонин"-ы тусгай сурвалжлагчаас гадна хэд хэдэн номын орчуулагч, зохиогч гэдгээр чинь таныг мэдэх юм...  
-Хэвлэлийн хүрээлэнгийн сэтгүүлчийн дээд курс төгсөөд "Өдрийн сонин"-доо үе үе мэдээ явуулдаг болсон. Багын минь мөрөөдөл сэтгүүлч болох байлаа. Түүндээ хүрэх гээд л одоо ч гэсэн чармайж явна. Сэтгүүлч гэдэг үнэхээр сайхан мэргэжил шүү, би энэ ажилдаа маш их хайртай.   
 -Монгол сумочидтой хийсэн ярилцлага, япон, монгол сумочдын тухай нийтлэл бичдэг болохоор та тэдэнтэй нэлээн ойр харьцаатай байдаг бололтой...                                    
-Тийм ээ, Японы сумогийн дэвжээг эзэгнэн буй хүчит монгол хөвгүүдээрээ би маш их бахархдаг. Сониндоо монгол сумочидтойгоо хийсэн ярилцлагыг цуврал болгон явуулдаг л даа. Тэдний дотоод ертөнц, амжилтанд хүрсэн жаргал, зовлонг ард түмэндээ жаахан ч атугай ойлгуулчих юм сан гэдэг сэтгэлээр тэдэнтэй эгчийн зүгээс харилцдаг. Ганцхан яриа аваад дуусах биш, тэдний дотоод сэтгэлийг илүү таньж мэдэхийн тулд ойр дотно байж, яриаг нь их сонсдог.                                          
 -Нэлээн хэдэн ном гаргасан байх аа...                   
  -Анх "Ангарагаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд" номыг орчуулж гаргаснаас хойш "Айзам" хамтлагийн дуучин Тамир ахын тухай дурсамжийн "Тэргэл саран", орчуулгын "Бүсгүй зөн сэрэхүй", анхилуун үнэр заслын тухай "Анхилуун ургамлын увидас" зэрэг нэлээн номтой болчихжээ. Бас жил бүр бүсгүйчүүддээ зориулан "Сарны хэмнэл-бүсгүйн хэмнэл" хуанли хийж эхлээд байгаа. Хүн байгалийнхаа хэмнэлийг л дагаж явбал эрүүл энх байна гэдгийг сануулж явахын тулд нэлээд зүйл хийхээр зорьсон ажлуудын маань эхлэлийн нэг юм.                        
 -Нэрт найруулагч Доржсамбуу агсны тухай "Арслан гэдэг ном бичсэн...   
   -2018 онд найруулагчийн мэндэлсний 70 насны ойг угтаж "Зохист дорно" хэвлэлийн газрын бүтээсэн энэ номыг найз Туяа сэтгүүлчтэйгээ хамтарч олны хүртээл болгосон. Доржсамбуу найруулагч "Говийн зэрэглээ" киноны Арслангийнхаа дүрээр ард түмний сэтгэлд тод үлдсэн байдаг. Урлагийн түүхэнд түүний үлдээсэн мөр, олон хүний сэтгэлд гэрэл татуулаад харван өнгөрсөн 45-хан наслахдаа ямар их зүйл хийснийг нь хараад гайхаж биширсэн шүү. Үнэхээр гайхалтай найруулагч, сэтгэлийн их хайлан хүн байсныг ном бичихдээ мэдэрч байлаа.     
-"Анхилуун ургамлын увидас" номынхоо талаар...                                      
 -2004 оноос эхлээд судалж ирсэн анхилуун ургамлын заслын тухай номоо 2015 онд Халиунаатайгаа хамтарч гаргасан юм. Эфирийн тосыг манайд Шатар гуай, Алтанцэцэг эгч гээд эрдэмтэн судалсан, одоо ч судалсаар байгаа. Ахуй амьдралд хэрхэн хэрэглэх талаас нь танилцуулсан анхны ном болсон. Ургамлын анхилам үнэр хүний бие сэтгэлд маш гүн нөлөөлдөг. Ялангуяа энэ цар тахлын үеэр илүү түлхүү хэрэглээсэй гэж хүсэж байна. Цүнхэндээ лаванда, батрашгаа, тийтрий, эвкалипт, розмарины аль нэг дуртай үнэрээ авч яваад үнэрлэвэл гаднын вирус, бактерийн халдвараас урьдчилан сэргийлнэ. Дархлаа сайжруулахад ч нөлөөлдөг. Яаран эм уухаас илүүтэй ургамлын зөөлөн үр нөлөө, увидсыг хүргэж, гарын дор хэрэглэж заншаасай.              
-Та үеийнхээ зохиолч, яруу найрагчдаас хэнтэй илүү дотно найзалдаг вэ?             
-Би утга, уран зохиол, хэл соёлын оюунлаг бүх хүнийг шүтэж амьдардаг л даа. Тэд маш гэгээн улс. Уран бүтээлийнх нь ярианд сэтгэл, зүрх маань өөрийн эрхгүй татагдчихдаг. Олон найз бий. Яруу найрагчдаас Уянсүх ах, Лха.Батцэнгэл, Эрдэнэцогт, Төгсжаргал, "Болор цом"-ын эзэн Гантулга гээд барагдахгүй ээ(инээв).            
-Ингэхэд манайхны сайн танил Кимура Аяакотой хэр холбоотой вэ? Тэр юу хийж байна вэ?                                                                               
  -Би жилийн өмнө уулзсаан. Эндхийн их сургуульд багшилж байгаа. Маш энгийн, даруухан бас хээгүй, их өргөн мэдлэгтэй хүн санагддаг. Хааяа утсаар ярьдаг, ер нь холбоотой шүү.                                           
 -Таны сүүлийн үеийн уран бүтээлийг сонирхвол...           
-Байгалийн нэгэн засал болох цэцгийн охь заслын тухай номоо бичиж байна. Энэ заслыг Английн эрдэмтэн Эдвард Бач нээсэн бөгөөд цэцгийн энерги шингэсэн уусмалыг хүн ууж хэрэглэснээр сэтгэлийнхээ аливаа сөрөг долгионыг саармагжуулж, эерэг өөдрөг сэтгэл рүү хөтлүүлэн хувьсах юм. Нэг үгээр хэлбэл сэтгэлийн аливаа зовуурь, гутранги байдал, айдас хүйдэс, сандрал тэвдэл, уур уцаар зэргийг цэцгийн охиор засаж, илааршина гэсэн үг. Хүний хий, энергитэй холбоотой маш сонирхолтой ном гаргачих гээд хичээж л байна. Одоо 80 хувийг нь хийчихсэн, ирэх хавар "Шүүдрийн увидас" хэмээн нэрлээд хэвлэн гаргах төлөвлөгөөтэй. Хийх өөр олон ажил байгаа. Нэг нэгээр нь хийгээд, бүтээхийн төлөө хичээнэ ээ.                                 

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

No description available.
No description available.
No description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ