Т.Гебрейесус: Коронавирусийн цар тахал бол сүүлчийнх биш байх болно

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адан Гебрейесус өнгөрсөн бямба гаригт Швейцарын Женев хотноо зохион байгуулсан цахим хурлын үеэр мэдэгдэхдээ “Коронавирусийн цар тахал нь хүн төрөлхтөний түүхэнд сүүлчийн тахал биш байх болно. Тиймээс улс орнууд эрүүлийг хамгаалах салбараа бэхжүүлж, шинэ нөхцөл байдалд бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж уриалжээ. Тэрбээр “Жилийн өмнө ковидын тухай сураг огт байгаагүй талаар төсөөлөхөд бэрх юм. Өнөөдөр дэлхий ертөнц орвонгоороо эргэчихээд байна. Өвчин хяналтаас гарч, нийгэм эдийн засагт асар их хор хохирол учруулаад буй. Үүнд гайхах хэрэггүй. Сүүлийн нэг жилийн хугацаанд ковидын халдварын талаар нийтэлсэн мэдээлэл, тойм, зааварчилгаа зэрэгт дэлхий нийт цар тахалд огт бэлтгэлгүй байсан тухай нэг бус удаа дурдаж байлаа. Бид үүнээс сургамж авах хэрэгтэй. Онц байдалд хүргэсэн нөхцөл байдлын урхагыг таслан зогсоох ажилд санхүүжилтаа хандуулж, эмнэлгийн анхны тусламжийг хөгжүүлэх хэрэгтэй” гэв.

ДЭМБ-ын ерөнхий захирлын ярьснаар “Цар тахал нь хүн, амьтан, гариг хоорондын уялдаа холбоог тодотгон харууллаа. Хүний эрүүл мэндийг сайжруулах талаар хүчин чармайх хэрэгтэй. Энэ сарын 7-нд НҮБ-ын ерөнхий ассамблей тогтоол гаргаж, анх удаа “Тахлын эсрэг бэлтгэлтэй байх олон улсын өдөр”-ийг тэмдэглэхээр болсон. Юуны өмнө олон нийт тахлаас урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулж, түүнтэй тэмцэхэд түншлэлийн харилцааг зохицуулах нь шаардлагатай” гэжээ. Өдгөө дэлхийн хэмжээнд ковидоор өвчлөгсдийн тоо 80 сая даваад байна. Уг өвчний халдвар авч нас барсан тохиолдол 1.74 сая аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ