Герман, Унгар, Словак вакцинжуулалтаа эхлүүлжээ
БРЮССЕЛЬ. /Euronews/. “COVID-19”-ийн вакцинжуулалтыг Европын Холбооны /ЕХ/ бүх гишүүн оронд нэгэн зэрэг эхлүүлэхээс нэг хоногийн өмнө Герман, Унгар, Словак иргэдээ дархлаажуулж эхэлжээ.
ЕХ-ны гишүүн орон тус бүр “Pfizer/BioNtech” компанийн вакцины эхний нийлүүлэлт болох 10 мянга орчим тунг бямба гарагт хүлээн авсан боловч вакцинжуулалтыг ням гаргаас эхлүүлэхээр товлоод байсан юм.
Гэвч Унгарын Хүний нөөцийн асуудал хариуцсан сайд Миклос Каслер, “Вакциныг Будапешт хот дахь “South-Pest” эмнэлэгт хүргэж, эмнэлгийн ажилтнуудад хийж эхэлсэн. Өнөөдөр бид цар тахлыг хязгаарлах чухал алхмыг хийлээ” гэж мэдэгджээ.
Мөн “Вакцинжуулалт Нитра хот дахь эмнэлгээс өнөөдөр эхэлнэ” гэж Словакийн Эрүүл мэндийн яам “Facebook” хуудсаараа дамжуулан бямба гарагт мэдээлжээ. Үүний зэрэгцээ Германы нэгэн асрамжийн газарт дархлаажуулалтыг эхлүүлсэн байна.
Европын зүүн хэсгийн эдгээр орон ямар шалтгааны улмаас вакцинжуулалтаа Европын Комиссын төлөвлөснөөс нэг хоногийн өмнө эхлүүлсэн нь тодорхойгүй байна.
Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен “Twitter” хуудсандаа бямба гарагт нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр хэлэхдээ, “Европ даяар өнөөдөр вакциныг хүргэж, маргааш вакцинжуулалтыг эхлүүлнэ” гэсэн юм.
Европын эмийн агентлаг “Pfizer/BioNtech”-ийн вакцинд 12 дугаар сарын 21-нд зөвшөөрөл олгосон. Уг вакцинаар дархлаажуулахад хоёр тунг хийх шаардлагатай юм. ЕХ энэхүү вакцинаас 300 сая хүртэлх тунг худалдан авах гэрээ байгуулаад байгаа бөгөөд эхний 200 сая тунг 2021 оны есдүгээр сар гэхэд хүлээн авах төлөвтэй байна.
“Мөн ЕХ “Sanofi-GlaxoSmithKline”, “AstraZeneca”, “Janssen”, “CureVac”, “Moderna” компанитай вакцин нийлүүлэх гэрээ байгуулаад байгаа нь Европын нийт хүн ам болох 450 сая хүнийг дархлаажуулахад хангалттай хүрэлцэнэ” гэж У.Ляйен мэдэгджээ.
Европын эмийн агентлаг “Moderna”-гийн вакцинд зөвшөөрөл олгох эсэхээ ирэх нэгдүгээр сарын 6-нд шийдвэрлэх төлөвтэй байна.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ