Туркт туршсан Хятадын вакцин 91.25 хувийн үр дүн үзүүлжээ
АНКАРА. /Xinhua/. Туркт явуулсан туршилтаар 91.25 хувийн үр дүн үзүүлсэн Хятадын “COVID-19”-ийн вакцины эхний нийлүүлэлтийг ирэх даваа гарагт хүлээн авна гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа пүрэв гарагт мэдээллээ.
“Бид уг вакциныг Туркийн ард түмэнд аюулгүй бөгөөд үр дүн үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Туршилтын эхний дүнгээр вакцин 91.25 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд цаашид аажмаар өснө” гэж Ф.Кожа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
"Хятадын вакцин үйлдвэрлэгч “Sinovac” компанийн “CoronaVac” идэвхгүй вакцины гуравдугаар үе шатны туршилт Туркт есдүгээр сарын 14-нд эхэлсэн. Уг вакцины туршилтын үеэр ноцтой шинж тэмдэг илрээгүй" гэж тэрбээр мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр, Туркийн Засгийн газар “CoronaVac” вакцинаас 50 сая тунг авах гэрээ байгуулсны дараа эхний гурван сая тунг даваа гарагт авах ажээ. “Sinovac”-ийн вакцин нь идэвхгүй вакцин тул бид илүүд үзэж байгаа гэж тэрбээр онцлон хэлжээ.
Мөн Туркийн Засгийн газар “Pfizer-BionTech” компанитай вакцины талаар яриа хэлэлцээ өрнүүлж байгаа ажээ. Ф.Кожагийн мэдээлснээр, хамгийн эхэнд эмнэлгийн ажилтнуудыг дархлаажуулна. Мөн миний бие вакцин хийлгэх хүмүүсийн тэргүүн эгнээнд байх болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Эрүүл мэндийн сайд Их Британид тархсан коронавирусний шинэ хувилбар Туркт илрээгүй гэдгийг мэдээлжээ. Туркт энэ оны гуравдугаар сарын 11-нд “COVID-19”-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2.1 сая гаруй хүн халдвар авч, 1.93 сая хүн эдгэрч, 18 мянга гаруй хүн нас баржээ.
montsame.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ