Коронавирусний шинэ төрөл түгшүүр төрүүлж эхэллээ

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын нутаг дэвсгэрт коронавирусний маш хурдан тархдаг шинэ омог илрээд буй нь ялангуяа Европын орнуудад түгшүүр төрүүлж эхэллээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр КОВИД-19-ийн уг шинэ хувилбарын халдвар түгэх эрсдэл нь өмнөхөөсөө 70 орчим хувиар илүү гэжээ.

Үүнээс шалтгаалан 20 гаруй улс орон Их Британитай агаарын болон төмөр замын харилцаагаа тодорхойгүй хугацаагаар хаах арга хэмжээ авахаар болов. Тус улсаас нислэг хүлээн авахаа зогсоосон орны тоонд Австри, Герман, Израиль, Ирланд, Итали, Кувейт, Швед, Турк, Чех, Хорват, Канад зэрэг улс багтаж байна. Болгар, Латви, Эстони, Швейцарь, Франц, Нидерланд Аргентин зэрэг орнууд Их Британи руу хийх нислэгээ зогсоосноо мэдэгдлээ.

Их Британийн Засгийн газар энэхүү шинэ төрлийн коронавирусний талаар Энэ сарын 14-нд анх удаа зарласан бөгөөд халдварын тархацтай тэмцэх хатуу арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ сарын 20-ны өдрийн байдлаар Их Британид нэг хоногийн дотор илэрч байгаа коронавирусний халдварын тохиолдол 35,9 мянгад хүрсэн нь халдвар анх эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Үүнээс шалтгаалан хатуу хөл хорио тогтоож,  журам зөрчсөн иргэнд 60-1920 еврогийн торгууль ногдуулахаар шийдвэрлэжээ. Өмнөд Уэльс даяар дөрөвдүгээр зэргийн хатуу хөл хорио тогтоож, өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хааж, өөрийн болон ойр дотнын хүмүүсийнхээ амь насыг хамгаалахын тулд гэртээ байхыг үүрэг болгожээ.

Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын Эрүүл мэндийн яамнаас Зул сар, шинэ жилийн баярын дараагаар өвчний тархац нэмэгдэж магадгүйг иргэддээ анхааруулж байгаа юм.

Их Британид бүртгэгдсэн шинэ омгийн вирус өнгөрсөн есдүгээр сараас илэрсэн бөгөөд 11 дүгээр сард Лондонд бүртгэгдсэн коронавирусний халдварын дөрөвний нэг, арванхоёрдугаар сард гарсан өвчлөлийн гуравны хоёр нь шинэ омгийн халдвар байсан гэж холбогдох байгуулага үзжээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон энэ талаар хийсэн мэдэгдэлдээ шинэ омгийн коронавирус нь одоо дэлхий даяар тархаад буй өвчлөлтэй харьцуулахад халдвар тархах хурд нь 70 хувиар илүү байгааг дурдав. Харин нас баралт харьцангуй цөөн ажиглагджээ. Коронавирусний шинэ хувилбар илүү түргэн тархаж олон хүнийг өвчлүүлдэг нь үнэн бол эрүүл мэндийн байгууллагын ачаалал үлэмж нэмэгдэх сөрөг талтайг анхааруулж байна. Хэдийгээр одоо гарган авч буй вакцинууд энэхүү өвчлөлийг анагаах чадалтай хэмээж буй ч яваандаа коронавирус мутацид орж, томуугийн нэгэн адилаар жил бүр өөр өөр шинж чанартай болж, түүнийг дагаад вакциныг ч байнга өөрчлөн шинэчилж гаргаж байх шаардлага тулгарч буйг эрдэмтэд анхааруулж эхлэв.

Коронавирусний шинэ омог Их Британийн Умард Ирландаас бусад газар нутагт бүртгэгдсэн байна. Ялангуяа Лондон хот, Английн зүүн өмнөд хэсгээр нэлээд тархацтай байгаа нь ажиглагджээ. Тухайн шинэ омгийн вирусний халдварын 10 тохиолдол Дани, Нидерланд, Итали зэрэг улсад илэрсэн талаар ДЭМБ  мэдээллээ. Өмнөд Африкт мөн төстэй хувилбар илэрсэн ч Их Британид тархаад буй өвчлөлтэй төдийлөн холбоогүй хэмээн үзэж байгаа ажээ.

ДЭМБ шинэ омгийн өвчлөлийн талаар анхааран судалж, гарах үр дүн, үүсэж буй хувирал, халдварын байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар тухай бүрт нь мэдэгдэж байх болно хэмээжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ