Дэлхий даяар энэ онд 3.9 тэрбум хүн гэртээ хөл хоригджээ
Их Британи коронавирусний шинэ төрөл илэрсэнтэй холбогдуулан нийслэл Лондон хот болон Английн зүүн өмнө хэсэг, Кент, Уэлсийн гүнлэгт хатуу хөл хориог энэ сарын 20-ноос тогтоогоод байна. Ингэснээр 16 сая иргэн Зул сарын баярыг зөвхөн гэрт тэмдэглэж, хүнснээс бусад барааны дэлгүүр, соёл, амралтын газар, үсчин зэрэг үйлчилгээний газрууд хаалгаа барьжээ. Өөр өөр гэр бүлийн хоёр хүн гадаа олон нийтийн газар уулзах боломжтой гэнэ. Эл журмыг энэ сарын 30-нд дахин авч хэлэлцэх юм.
Герман энэ сарын 16-нд бүх нийтийн хөл хорионы дэглэмийг дахин тогтоожээ. Энэ арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Тус улсад мөн л хүнснээс бусад барааны дэлгүүр, үсчин, сургууль, ресторан, баар зэрэг үйлчилгээний газрууд хаалгаа бариад байна. Хоёр гэр бүл нэг дор цугларах боломжтой ч таваас дээш тооны хүний бөөгнөрөл үүсгэхийг хоригложээ.
Франц улс өнгөрсөн аравдугаар сарын сүүлээс тогтоогоод байсан бүх нийтийн хөл хорионы дэглэмийг энэ сарын 15-нд сулруулсан. Өөрөөр хэлбэл, хүмүүс гэрээс гарахдаа асуумж бөглөх шаардлагагүй болсон хэдий ч баар, ресторан, театр зэрэг соёл, үйлчилгээний газрууд хаалттай хэвээр байна. Тус улсын хэмжээнд 20.00 цагаас өглөөний 06.00 цагийн хооронд хатуу хөл хорионы дэглэм үйлчлэх ба зөвхөн Зул сарын баярын битүүний орой үйлчлэхгүй гэнэ. Энэ журам ирэх оны нэгдүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ. Цэцэрлэг, сургуулиуд нээлттэй байгаа хэдий ч ирэх оны хоёрдугаар сар хүртэл их сургуулиудыг хаагаад байна.
Итали улс мөн хөл хорио тогтоогоод байна. Энэ сарын 24-27, арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 3 болон нэгдүгээр сарын 5-6-нд ард иргэдэд зөвхөн ажилдаа явах, эмнэлэгт үзүүлэх эсвэл онцгой шалтгаанаар гэрээс гарах зөвшөөрөл олгожээ. Бүх баар, ресторан, барааны дэлгүүр, үсчин, гоо сайхны газрууд хаалттай байх гэнэ. Нэг айлд хоёр зочин хүлээх авах зөвшөөрөл олгож байгаа ба 14-оос доош насны хүүхэд айлд зочлох хориотой. Тус улсад 22.00-05.00 цагийн хооронд хатуу хөл хорио тогтоогоод байна.
Дэлхий дахинд дэгдээд буй коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон хорио цээрийн дэглэмийн хүрээнд нэг дэх давлагааны оргил үед буюу энэ оны дөрөвдүгээр сард дэлхийн хүн амын тал хувь буюу 90 гаруй улс оронд нийт 3.9 тэрбум хүн гэртээ хоригдоход хүрэв.
Дэлхийн улс орнууд янз бүрийн зэргийн онцгой байдлын дэглэм тогтоосон. Зарим улс оронд хөдөлгөөнийг хатуу хязгаарласан бол зарим улс зөвхөн тодорхой цагуудад хөдөлгөөнийг хориглосон. Ихэнх улс оронд зөвхөн нэн чухал салбаруудын үйл ажиллагааг зогсоогоогүй. Дэлхийн 80 оронд сургууль, их сургуулиуд улсын болон орон нутгийн хэмжээнд хаасан ба энэ арга хэмжээнд дэлхийн оюутан, сурагчдын 61.6 хувь нь өртжээ.
zindaa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ