Какүрюү М.Ананд: Иргэншлээ солих гэж хоёр жил баримт бичиг бүрдүүлсэн
Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү албан ёсоор иргэншлээ сольсон мэдээлэл хэд хоногийн өмнөөс цацагдах болсон. Тэрбээр Японы сэтгүүлчидтэй уулзаж энэ талаараа албан ёсны тайлбар өгчээ. Сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Хэзээнээс иргэншлээ солих талаар бодож эхэлсэн бэ?
-Ёкозүна цол хүртсэнийхээ дараа анх бодсон.
-Монгол нэрээ солиогүй байна. Яагаад тэр вэ?
-Японы иргэн болохоор япон нэртэй болох ёстой гэж анх бодож байсан юм. Гэтэл нэр заавал солих шаардлагагүй гэж сонсоод нэрээ өөрчлөхгүй байхаар шийдсэн.
-Иргэншлээ сольсны дараах сэтгэгдэл ямар байна вэ?
-Бичиг баримт бүрдүүлээд хоёр жил хагас өнгөрсөн учраас сэтгэл амарч байна. Их удсан шүү. Нэг том асуудлаа шийдэж чадсан болохоор одоо сүмо бөхдөө гол анхаарлаа хандуулна.
-Японы иргэн болсны гол шалтгаан бол зодог тайлаад Сүмо бөхийн холбоонд ажиллах явдал байсан уу?
-Тийм ээ. 16 настайдаа Японд ирж, сүмо барилдлаа. Мэдэх чадах зүйл минь сүмо бөх. Сүмогийн ачаар л өдий зэрэгтэй явж байна. Ач хариулна гэдэг утгаараа ч ояката болж, олон сайн шавь төрүүлнэ гэж бодсон. Иргэншлээ солино гэдэг маш хэцүү зүйл. Сайтар бодсоны эцэст өөрийн амьдрал шүү дээ гээд энэ том шийдвэрийг гаргалаа.
-Өөрийн гэсэн дэвжээтэй болох зорилго байгаа юу?
-Тэр талаар бодоход одоохондоо эрт байна.
-Монголд байгаа эцэг, эх тань иргэншлээ солих шийдвэрийг дэмжсэн үү?
-Гэр бүл маань дэмжсэн. Тэдэнтэйгээ ярилцаж байж, шийдсэн юм.
ИРГЭНШЛЭЭ СОЛЬСОН МОНГОЛ СҮМОЧИД
28 жилийн өмнө анх монгол хүн мэргэжлийн сүмод барилдсанаас хойш өнөөг хүртэл 50 орчим бөх зодогложээ. Тэднээс долоо нь иргэншлээ сольж, Японы иргэн болсон байна.
Хакүхо М.Даваажаргал
Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, сүмогийн түүхэнд хамгийн олон түрүү хүртсэн Хакүхо М.Даваажаргал 2019 онд Японы иргэншил авч, Хакүхо Шоо хэмээх нэртэй болсон билээ. Тэрбээр зодог тайлсныхаа дараа сүмогийн холбоонд үлдэж, “Мияагино” дэвжээг өвлөнө.
Кёкүтэнхо Н.Цэвэгням
Монголын сүмочдын анхны алтан хараацайнуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням таван жилийн өмнө зодог тайлсан бөгөөд тухайн жилдээ Японы иргэн болж байв. Зодог тайлсныхаа дараа “Томозүна” дэвжээг өвлөн авсан ба өдгөө Оошима ояката нэрээр сүмогийн холбоонд ажилладаг. Түүний япон нэрийг Ота Масарү гэдэг.
Асасэкирюү Б.Дашням
Гурван жилийн өмнө зодог тайлж, удалгүй Японы иргэн болсон. Харин нэг сарын өмнө “Такасаго” дэвжээний дараагийн эзнээр тодорч, долоо хоногийн өмнө өвлөн авсан юм. Тэрбээр Нишикижима ояката хэмээх нэрийн дор Сүмогийн холбоонд ажиллаж байна.
Кёкүтэнзан Б.Энхбат
Японы иргэншилтэй болсон хамгийн анхны сүмоч юм. 15 жилийн өмнө тус улсын иргэншилтэй болсон ч 2007 онд Герман руу шилжсэн билээ. Өдгөө Герман, Нидерландад сүмогийн эрдмийг европчуудад зааж буй аж.
Шёотэнро Д.Нямсүрэн
Гурван жилийн өмнө Японы иргэн болсон тэрбээр 2018 онд сүмогоос зодог тайлсан. Харин одоо сүмогийн холбоонд Касүгаяама ояката хэмээх нэрээр ажилладаг.
Токитэнкү А.Хүчитбаатар
Арлын оронд амжилттай барилдсан Токитэнкү А.Хүчитбаатар агсан 2014 онд иргэншлээ сольсон байдаг. Зодог тайлснаасаа хойш нэг жилийн дараа цусны хорт хавдартай нь оношлогдож, 2016 онд их спортоосоо зодог тайлж, дасгалжуулагч болохоор шийдсэн. Тэрбээр зодог тайлсныхаа дараа дэвжээ удирдах эрхтэй болсон анхны монгол болж байв. Гэвч 37 насандаа тэнгэрт дэвшсэн юм.
Какүрюү М.Ананд
“Мичинокү” дэвжээг өвлөх зорилгоор иргэншлээ сольсон тэрбээр өдгөө 35 настай. Эзэн хааны цомыг зургаан удаа хүртсэн.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ