Уханиас өмнө Италид дөрвөн настай хүү халдвар авсан байжээ

Цар тахлын анхны тохиолдол өнгөрсөн жилийн сүүлээр Хятадын Ухань хотод гарсан хэмээн өдгөө албан ёсоор үзэж байгаа билээ. Гэтэл Италийн эрдэмтэд анх дөрвөн настай итали хүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сард буюу Ухань хотоос өмнө халдвар авсан байсныг олж тогтоожээ. Хэрвээ энэ мэдээлэл албан ёсоор батлагдвал цар тахлын үүсэл, гарал, тархалтын тухай бидний мэдэх бүхнийг орвонгоор нь өөрчлөх юм.

Италид анхны тохиолдол албан ёсоор хоёрдугаар сарын сүүлээр бүртгэгдсэн ч дээрх мэдээллээс харахад түүнээс эрт халдвар хэдийн тархсан байж болзошгүй юм.

 Дөрвөн настай хүү арваннэгдүгээр сард халдвар авсан гэдэг нь албан ёсоор батлагдвал цар тахал анх Европоос Хятадад очиж дэгдсэн болж ч магадгүй юм. Үүнээс өмнө Европын хамгийн анхны тохиолдлыг арванхоёрдугаар сарын сүүлээр халдвар авсан 43 настай парис эр хэмээн нэрлэж байсан юм.

“Энэ бол маш чухал зүйл. Учир нь энэ мэдээллийн тусламжтайгаар хүн төрөлхтөн SARS-CoV2 вирусийн үүсэл, түүх, тархацын талаар олон зүйл үнэн зөв, шинэээр мэдэж авах болно. Мөн Италид хэрхэн маш хурдтай тахсан шалтгаан ч олдох болно” хэмээн судлаачид ярьсан байна.

Дөрвөн настай хүү Миланы ойролцоо Ломбарди мужид амьдардаг бөгөөд арваннэгдүгээр сарын 21-нд бие нь өвдөж, ханиадны шинж тэмдгүүд илэрч, арьсан дээр нь юм туурч эхэлсэн байна. Түүнийг анх улаан бурхан өвчин туссан хэмээн оношилж, эмчилгээ хийжээ. Түүнээс хойш 39 хүнийг улаан бурхан өвчин туссан хэмээн оношилж, эмчилгээ хийсэн ч үнэн хэрэгтээ өвчин нь улаан бурхан биш, өөр зүйл болж таарсан байна.

Хүү өвчин тусахаасаа өмнө гадаад оронд аялаагүй. Тиймээс хүү Италид халдвар авсан байх магадлал бий гэнэ.

БНХАУ вирусийг Ухань хотод биш, гадаад оронд үүссэн хэмээн идэвхтэй зүтгэж байгаа билээ. Тэгэхдээ анх цар тахлыг Ухань хотод сургуулилалт хийсэн америк цэргүүд авчирсан хэмээн мэдээлж байсан бол удалгүй Италид анх үүссэн, Австралид үүссэн зэргээр мэдээлсээр буй.

Гэхдээ дээрх баримт Бээжингийн зөв гэдгийг хараахан батлаагүй байна. Зарим мэргэжилтнүүд дөрвөн настай хүүгийн тохиолдол цар тахал анх Италид үүссэн гэдгээс илүү БНХАУ-д бодсоноос ч өмнө үүссэн байсныг одоог хүртэл Бээжин нууцалсаар байгаагийн нотолгоо гэж үзэж байна.

Эх сурвалж: TELEGRAPH news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ