Эмнэлгийн орны нөөц хязгаартаа тулснаас Сөүл хотын захиргаа ачааны чингэлэгт ор засаж эхэлжээ
Сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын гурав дахь давалгаа Өмнөд Солонгост үргэлжилж байгаагийн улмаас нийслэл Сөүл хотод эмнэлгийн орны нөөц хязгаартаа тулсан байна.
Мягмар гарагт тус улсад нийтдээ 686 халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдрийн дотор илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Харин маргааш нь буюу Лхагва гарагт хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт болох 682 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Өдөрт илэрдэг шинэ тохиолдлын тоо сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 600 орчимд хэлбэлзэж байв.
Өнөөдөр Сөүл хотын захиргаа цар тахал эхэлсэн цагаас хойш анх удаагаа ачааны чингэлгүүдэд эмнэлгийн ор засаж эхэлжээ. Сөүл хотын нутаг дэвсгэрийн нийт 150 байрлалд чингэлэгүүдийг түр эмнэлгийн зориулалтаар байрлуулж, туршихаар болсон байна.
“Удахгүй манай улсын цар тахалтай хийх тэмцэл, эрүүл мэндийн системийн багтаамж хязгаартаа тулж хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй байна. Тиймээс бид онцгой нөхцөлд түр ашиглах эмчилгээний төвүүд, эмнэлгийн орнуудыг бүх нөөц бололцоогоо ашиглан бэлдэх хэрэгтэй боллоо” гэж тус улсын эрүүл мэндийн сайд Пак Нюн Хо өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
Нийтдээ 10 сая орчим оршин суугчтай Сөүл хотын эмнэлгүүдийн хүнд өвчтэй хүмүүст ашиглах орны нөөц ердөө 3 хувь үлдээд байгаа гэнэ. Хүндэрснээс бусад өвчтөнүүдийг хэвтүүлэх орны нөөц 17 хувьтай байгааг сайд хэлсэн байна.
Саяхан тус улсын засгийн газар дэлхийн дөрвөн том эм үйлдвэрлэгчээс хүн амынхаа 60 хувь буюу 44 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин авахаар гэрээ байгуулснаа зарласан юм.
Өнөөдрийн байдлаар Өмнөд Солонгост коронавирусийн халдварын 40,098 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 564 хүн нас бараад байна.
Эх сурвалж: Reuters ikon.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ