Б.Золзаяа: Австралид хөл хорионы үед сэтгэл зүйчид хүн бүрд үнэ төлбөргүй үйлчилж байсан

“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, одоогоор Австрали улсын Мелбурнийн их сургуульд хөгжил судлалын чиглэлээр магистрт суралцаж байгаа Б.ЗОЛЗАЯАТАЙ цаг үеийн асуудлаар цахимаар ярилцлаа.
 
-Австрали төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий сургуульд магистраа хамгаалж, эх орондоо буцаж ирэх гэж байгаад юуны түрүүнд баяр хүргэе. Мелбурнийн их сургуульд хэрхэн тэтгэлгээр суралцах болсон бэ. Хөл хорионы үед гадаадаас очиж суралцаж буй оюутнуудад Австралийн Засгийн газраас хэрхэн тусламж үзүүлж байв. Зарим гаднын оронд Ази оюутнуудыг ялгаварлах асуудал гарсан шүү дээ?
 
-Баярлалаа, юуны өмнө Мелбурнийн их сургуульд хөгжил судлалын магистрын хөтөлбөрт суралцаад төгсөж байгаадаа их баяртай байна. Энэ боломжийг бүрдүүлсэн Австралийн Засгийн газрын тэтгэлгийн бүх талд талархаж байна. Суралцах энэ хугацаанд “COVID -19”- тэй холбоотойгоор олон шинэ сорилт, бэрхшээлтэй нүүр тулсан ч олон талын дэмжлэгийн ачаар даван туулсан. Нөгөө талаас өөрийгөө шинээр танин мэдсэн гээд их л сонин цаг үед магистрт сурч таарлаа.
 
-Австралид одоо шинэ коронавирусийн нөхцөл байдал хэр байна вэ. Хөл хорионы хугацаанд засгаас нь ямар арга хэмжээ авч байв. Бидэнд тэднээс суралцах зүйл их байгаа гэж та хэлж байсан шүү дээ. Таны амьдарч байгаа мужийн хувьд анх нөхцөл байдал хэр хүндэрч байсан бэ. Хөл хориог иргэд хэрхэн хэрэгжүүлж байв?
 
-Би одоогоор Викториа мужийн Мелбурн хотод амьдарч байна. Викториа муж Австралид төдийгүй дэлхийд ч хамгийн удаан хөл хорио тогтоосон газруудын тоонд орж байгаа. Долоон сарын турш зөөлнөөс хатуу гээд дөрвөн үе шат бүхий хөл хорионы дэглэмд амьдарсан иргэн миний хувьд, эндхийн туршлагаас дараах зүйлийг анхаарах нь хамгийн чухал гэж анзаарагдсан. Үүнд, Нэгдүгээрт, хүний эрхийг зөрчихгүй байх. Хөл хорионы тохиолдолд хүний амин хэрэгцээ болох хоол хүнс, эм, эмчилгээ авах гэх мэт хэрэгцээг таслахгүй байх нь чухал юм билээ. Жишээ нь, энд хамгийн хатуу хөл хорионы үед ч хүнс, эм эмчилгээ, дасгал хөдөлгөөн хийх болон зайлшгүй салбарынхан ажилдаа явах гэсэн дөрвөн зорилгоор гарахыг зөвшөөрч байсан. Хоёрдугаарт, шинжлэх ухаанч буюу судалгаанд суурилсан байх. Хөл хорионы тохиолдолд хотын хүн ам болон үндсэн үйлчилгээний байршил, хүртээмж болон “COVID-19” халдах эрсдэл зэргийг судлан зохицуулалт хийх. Жишээ нь, Энд дэлгүүрийн зай талбайгаас шалтгаалан нэгэн зэрэг дотор байж болох хүний тоог гаргаж зөвхөн тэр тоогоор оруулж гаргаж, гадаа хүлээж байгаа хүмүүс хоорондын зайгаа барьж байсан нь чухал байв. Гуравдугаарт, дүрэм журмаа хүн бүрт хүртээмжтэй түгээх. Хөл хорионы журам нь хуулийн хатуу үг хэллэг бус 8-80 настан хараад ойлгохуйц энгийн бөгөөд хараа сонсголын бэрхшээлтэй хүмүүст ч хүртээмжтэй байх ёстой. “COVID-19”-ийн хатуу хөл хорионоос хэрхэн алхам алхмаар хэвийн байдалд орох, ямар үе шатыг туулах болон аль шатанд юуг ямар хэмжээ хязгаарт хийж болох сэтгэл зүйчид хүн бүрд үнэ төлбөргүй үйлчилж байсан зэргийг хэн ч ойлгохоор, маш тодорхой байсан нь дүрмийг хэрэгжүүлэхэд илүү дөхөм болгож байлаа. Ийм тодорхой бөгөөд логик утга учиртай буюу шинжлэх ухаанч шийдвэр, дэглэмийг бүгд хэрэгжүүлдэг юм билээ. Дөрөвдүгээрт , шийдвэр нь хүмүүсийн олон янзын боломж, нөхцөл байдлыг харгалзсан байх учиртай. Хөл хорионы үеийн шийдвэр нь хөгшид, хүүхэд, жирэмсэн хүн, ганц бие эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүн, бага орлоготой өрх, хүчирхийллийн орчинд буй иргэн зэрэг эмзэг нөхцөлд байгаа хүмүүст хэрхэн үйлчлэх вэ гэдгийг тооцоолж, үүнтэй холбоотой тусгай зохицуулалт бий болгомоор юм байна. Тухайлбал, том супермаркетууд өглөөний 08-11 цагийн хооронд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ганц бие эцэг эхчүүд, зайлшгүй ажиллах салбарын хүмүүст үйлчлээд, түүний дараа жирийн иргэд орж үйлчлүүлэхэд зориулан хаалгаа нээж байсан Мөн хөл хорионы үеэр хүмүүсийн бие махбодийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн өөрчлөлтөд онцгой анхаарч байсан. 
 Жишээ нь, Are you OK? кампанит ажил өрнүүлж, энэ хүрээнд сэтгэл зүйчийн үйлчилгээг тусгай, үнэ төлбөргүй утсаар авах болмжийг хүн бүрт олгож, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байр, бусад шаардлагатай үйлчилгээнд зориулж улс болон мужийн төсөвт багагүй хөрөнгө мөнгө суулгаж байсан нь маш чухал санагдсан.
 
Наад зах нь эдгээр асуудлыг тооцсоны үндсэн дээр нийтээр дагаж мөрдөх шийдвэр гарах ёстойг ажиглалаа. Учир нь, энэ шийдвэр нь олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдал зэрэгтэй холбоотой үр нөлөө дагуулдаг.
 
–Ер нь ямар тохиолдолд хатуу хөл хориог тогтоосон бэ. Энэ үед иргэд ямар зүйлийг дагаж мөрдөж байсан бэ?
 
-Хөл хорионы дүрэм, журам нь тодорхой, ойлгомжтой бөгөөд шинжлэх ухааны мэдээлэл, судалгаан дээр суурилсан, утга учиртай байхад иргэд журмыг илүү сайн дагадаг нь ажиглагдсан. Гэсэн хэдий ч хүн болсон хойно зөрчих цөөн хувь байсан ч тэднийг сануулах, ноцтой бол торгох арга хэмжээг авч байлаа.
 
-Коронавирус гэдэг бүр алга болчихгүй. Тиймээс дэлхийн зарим оронд үүнтэй дасан зохицож амьдрах хэрэгтэй гэж байгаа шүү дээ?
 
 -Тийм ээ. Дэлхий даяар “COVID-19” хүмүүсийн амьдралын хэв маяг, цаашлаад үнэт зүйлийг өөрчилж байх шиг байна. Манай эриний өмнөх болон манай эриний гэдэг шиг COVID-ын өмнөх 2019 он ба COVID-ын дараах 2021 он гэдэг цаг тоолол бараг үүсэх маягтай байна. Хүмүүсийн амьдралд юу чухал болох зэрэг үнэт зүйлсээсээ эхлээд төрийн эрх мэдлийн хил хязгаар, ажил хэрэг, бизнес явуулах хэлбэр гээд олон зүйл хувьсан өөрчлөгдөж буй эгзэгтэй цаг үе таарч байна. Бид ч бас энэ салаа зам дээр хаашаа эргэхээ анхааралтай ажиглах, бодох л ёстой болов уу, хувь, байгууллага, улс үндэстний хувьд ч.
 
-Хөл хорионд гаднын оронд удаан хугацаанд байсны хувьд улс орондоо хэрэгжүүлэх зөв санаа шийдлүүдийг илүү олж харсан болов уу?
 
-Зөвхөн манай оронд гэлтгүй, “COVID-19” хаа сайгүй л улс орны засаглал, удирдлагын чанарыг шалгасан сорилт болж байна. Манай орны хувьд уул нь 10 сар дотооддоо халдвар тараагүй байсан нь сайн бэлтгэх, бусад улс орны туршлагаас суралцах чухал боломж байсан. Тиймээс нийтээр дагаж мөрдөх энэ шийдвэрүүд маш нарийн төлөвлөгдсөн байх учиртай.
 
-Таны дээр хэлсэнчлэн архи согтууруулах ундааны зохистой хэрэглээг бодлогын хувьд зохицуулах боломжтой гэж харж байна. Гэтэл манайд архи согтууруулах ундааг зарахгүй гээд хатуу хориглоод байгаа шүү дээ?
 
-Архи, согтууруулах ундаа хорьсон нь зөв буруу гэхээс илүүтэй, миний байр суурь бол нийгмийн өмнө тулгамдсан архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл гэдэг бол урт хугацаандаа, зогсолтгүй тэмцэж байх ёстой асуудал юм. Учир нь, уг асуудлуудын суурь шалтгаан нь муу засаглал, авлига, хээл хахуулийн үр дүнд улам гүнзгийрсэн нийгмийн тэгш бус байдал гэж үздэг. Тиймээс уг суурь шалтгааныг засаж залруулахыг төр засаг чухалчилж үзээгүйн гор нь энэ мэтээр гарч байгаа юм. Энэ нь алга эргүүлэхийн зуур алга болчихдог асуудал биш.
 
 -Австрали улс хөл хорионы үед сургуулийг хааж, онлайн хичээл явуулж байсан уу. Хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулж байв?
 
-Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байхыг энд чухалчилсан. Мөн хүүхдийн сурч боловсрох эрхийг эн тэргүүнд тавьж, хөл хорионы хамгийн хатуу дөрөвдүгээр шатанд л цэцэрлэг, сургуулийг хааж байлаа. Тэр үед ч зайлшгүй салбарын (эмч, цагдаа зэрэг) ажилтнуудын хүүхдүүд гэртээ харах хүнгүй бол сургууль дээрээ очих боломжтой байсан. Мөн онлайнаар хичээл орох үед бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдийг зөөврийн компьютерээр хангах хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн. Түүнчлэн хөл хорио дууссаны дараа хүүхдүүдийн хоцрогдлыг нөхөх давтлага зэрэгт зориулах нэмэлт төсвийг сургуулиудад хуваарилж байгаа нь чухал алхам болж байна.
 
 
Г.Нямсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ