Энэ сард үзэхгүй өнгөрч болохгүй ШИНЭ ЖИЛИЙН ТУХАЙ 15 кино
Шинэ жил болоход 24 хоног үлджээ. Зул сараар ногоон гацуураа чимж, баярын ширээгээ засаад гэр бүлээрээ тойрч суун халуун дулаан, хөгжил хөөртэй яриа өрнүүлэх сайхан. Шинэ жилийн баярын уур амьсгалыг мэдрүүлдэг өөр нэг сайхан зүйл бол кино урлаг.
Хүмүүс цэнхэр дэлгэцээр гарах нэвтрүүлэг, тэр дундаа шинэ жилийн баярын тухай киног гэр бүлээрээ, дотно найз нөхөдтэйгөө шимтэн үзэх дуртай байдаг. Тэгвэл энэ сард үзэхгүй өнгөрч болохгүй шинэ жилийн тухай шилдэг 15 киног танд санал болгож байна.
1. 34 дүгээр гудамжны гайхамшигт түүх
1947 онд дэлгэцнээ гарч байсан энэхүү кино нь Санта Клаусын талаарх гайхалтай бүтээлүүдийн нэг юм. "34 дүгээр гудамжны гайхамшигт түүх" киног Жорж Сийтон найруулсан бөгөөд Валентин Дэвисын адил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээсэн байна. Кинонд жүжигчин Морин О'Хара, Жон Пейн, Натали Вуд болон Эдмунд Гвен нар тоглосон юм. "34 дүгээр гудамжны гайхамшигт түүх" кинонд зул сарын баяр болон жинхэнэ Санта Клаус байдаг гэдэгт итгэдэггүй охины талаар өгүүлдэг.
2. Гэртээ ганцаараа
Олон олон хүүхдүүдийг өөртөө татаж чадсан адал явдал бүхий тус киног мэдэхгүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй болов уу. Хүүхэд гэлтгүй томчуудын хувьд ч шинэ жилийн баяр дөхөх үед сэтгэлд дотно, дурсамж сэргээсэн нэгэн кино санаанд ордог нь “Гэртээ ганцаараа” билээ. Шинэ жилийн баяраар санамсаргүйгээр гэртээ ганцаараа үлдэж хоцорсон сэргэлэн адтай жаалхүүгийн адал явдал олон хүний сэтгэлд хоногшсон юм.
3. Каролын зул сар
Алдарт зохилч Чарльз Дикенсийн “Каролын зул сар” зохиолоос сэдэвлэн бүтээсэн маш олон кино бүтээл байдгаас 1984 онд гарч байсан “Каролын зул сар” кино нь үзэгчдийн таашаалд ихээхэн нийцсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ. Мөнхүү Дикенсийн "Зул сарын сүнсний тухай хүүрнэл" зохиолыг киноны дараа уншихад тохиромжтой байж мэднэ.
4. Сантагийн хүүдийн дотор
Бадди асрамжийн газраас Санта Клаусын хүүдийнд орж хойд туйлд ирснээр анаахай нартай өссөн хүү юм. Харин одоо бол нас биед хүрсэн залуу болсон тэрээр өөрийгөө Санта Клаусын анаахай биш гэдгээ ойлгож, төрсөн эцэг Вольтер Хоббсыг олохоор Нью-Йорк руу явна. Урьд нь хүмүүсийн дунд байж үзээгүй түүнтэй ямар адал явдал тохиолдохыг та бүхэн шинэ жилийн орой тухлан сууж “Эльф” киноноосоо үзээрэй.
5. Гахай хамартай гүнж
Шинэ жилийн орой үзэхэд хамгийн тохиромжтой кинонуудын нэг. Гол дүрд Жеймс Маквой болон Кристина Ричи нар тоглосон юм. Киноны гол дүр Пенелопа гахай хамартай төрдөг ба түүнийг харсан залуус бүр зугтаадаг. Харин залуухан хөгжимчин түүний хараалыг тайлах учиртай байдаг. "Пенелопа" биднийг ганцхан зүйлд сургана. Энэ бол өөрийгөө байгаагаар нь хайрлах юм. Тэгж чадвал бусад бүх хүмүүс чамайг хайрлах нь зайлшгүй билээ.
6. Элсатай хамт
Шинэ жилийн цасгүйгээр төсөөлшгүй. Тэгүүл дэлгэц дүүрэн цас бударсан түүхээр аялахыг хүсвэл “Frozen” хүүхэлдэйг үзээрэй. Нээлтээ хийсэн даруйдаа дэлхий дахиныг шуугиулж кино театруудын хамгийн их ашиг орлогтотой хүүхэлдэйгээр тодорч байсан бүтээл бол яахын аргагүй “Frozen”. Тус хүүхэлдэйн киноны дуу 40 өөр хэл дээр орчуулагдсан Диснеэйн анхны бүтээл болсон төдийгүй 1,2 тэрбум долларын ашиг олсон юм. Хүүхэд болгон энэ дууг аялаж, сурсан байсан гэхэд хилсдэхгүй.
7. Гринч
Мэдээж “Гринч зул сарыг хулгайлсан нь” киногүйгээр энэ жагсаалт дуусчихаж болохгүй. Уг киног 1957 оны бичсэн Доктор Сьюзын "Гринч Зул сарыг хэрхэн хулгайлав" зохиолоос сэдэвлэн бүтээсэн юм. "Universal Pictures" болон "Imagine Entertainment"-ын хамтын бүтээл энэхүү зул сарын тухай кино нь 2000 онд дэлгэцнээ гарсан түүхтэй.
8. Шинэ жилийн үдэш
Зул сарын үдэш Нью-Йоркийн хүмүүсийн амьдрал, тэдэнд Зул сар хэрхэн нөлөөлж байгааг энэ кинонд харуулна.
Ким бол өөрийн охин Хайлидаа хамаг бүхнээ зориулсан ганц бие ээж, Клэйр бол хуучин цахилгаанчин хийж байсан залуу, Лаура бол хуучин найз залуугийхаа араас гүйдэг ерөнхий тогооч, Ингрид бол өөрийнхөө ажлыг хаяж мессенжерээр чатладаг залуу, Стан бол цагний хонх дуугарах мөчийг харахыг хүсэгч, харин Грифин болон түүний эхнэр Тэсс хоёр шинэ жилийн үдэш анхны хүүхдээ мэндлэнэ хэмээн хүлээж буй эдгээр бүх хүмүүсийн гунигтай, хөгжилтэй, баяртай, сэтгэл догдолуулсан мөч бүхнийг энэхүү кинонд харуулна.
9. Хувь тавилан (Serendipity, 2001)
Найруулагч Петер Челсомын 2001 оны бүтээл "Хувь тавилан" кинонд жүжигчин Кейт Бекинсэйл, Жон Кьюсак тогложээ. Хувь тавилан гэж байдаг уу?, түр уулзаад өнгөрсөн хүн чинь таны насан туршын хайр ч юм билүү, хүмүүс анхны харцаар дурладагт итгэдэгүү? Энэ бүгдийг та энэхүү киноноос мэдрэх болно. Хайр дурлалаа зөн билгээрээ олсон хайрын түүх. Хайрттайгаа үзвэл зохих үнэхээр сайхан кинонуудын нэг.
10. Энэ бол гайхалтай амьдрал (It’s a Wonderful life, 1946)
Флипп Стерний “Гэгээнтнүүдийн бэлэг” (1939) богино өгүүллэгээс сэдэвлэсэн уг киног Фрэнк Капра кино болгон найруулж алдаршсан. Зул сарын орой амьдралаас уйдсан Жорж Байлей амиа хорлохоор явсан ч сахиусан тэнгэрүүдийн ачаар амьдрал ямар гайхалтайг ухаарч буй тухай өгүүлнэ. Оскарын зургаан төрөлд нэр дэвшиж, нийт 3.3 сая ам.долларын ашиг олсон. Зул сарын баяраар хамгийн олон хүн үздэг, зурагтаар хамгийн олон удаа гардаг кино хэмээн “Guardian” бичсэн байдаг.
11. “Зул сарын мэнд хүргэе”
Кристиан Карионы найруулсан энэ кинонд 1914 оны арванхоёрдугаар сард буюу Дэлхийн I дайны үеэр Франц, Шотланд, Германы цэргүүд дайн түр зогсоох гэрээ байгуулж, Зул сарын баяр хамт тэмдэглэсэн бодит түүхээс сэдэвлэсэн.
12. Зул сарын магтуу (A Christmas carol, 2009)
Шинэ жилийн уур амьсгалыг үнэртүүлсэн, үлгэрийн гэмээр энэхүү хүүхэлдэйн кино нь Чарьз Диккенсийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн юм. Гол дүр болох санхүүч Скружа энэ дэлхийд хамгийн их гутаж гунихарсан, итгэл алдсан хүнийг ч шинэ жил дахин сэргээж, баярлуулж чаддаг гэдэгт итгүүлнэ.
13. “Чамайг унтаж байх зуур” (While you’re sleeping, 1995)
Чикагогийн метроны буудалд тасалбар түгээгчээр ажилладаг ганцаардмал Люси бүсгүй Зул сарын өдөр санамсаргүй тохиолоор Питер хэмээх сайхан залууг метронд дайруулах гэж байхад нь аварна.
Гэсэн ч залуу кома-д ордог бөгөөд Люси түүний сүйт бүсгүй байсан хэмээн өөртөө болон бусдад итгүүлснээр киноны үйл явдал өрнөнө. Романтик жанрын “Чамайг унтаж байх зуур”-ыг Жан Туртелтауб найруулсан бөгөөд ердөө 17 сая доллараар бүтэж, нийт 182 сая долларын ашиг олж шуугиан тарьж байв. Сандра Баллок Люсигийн дүрээр “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн. Бүх цаг үеийн хамгийн романтик киноны жагсаалтад энэ бүтээл дээгүүрт жагсдаг.
14. “Туйлын галт тэрэг” (Polar Express, 2004)
Крис Аллсбургийн ижил нэртэй хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг энимэйшн, хамгийн шилдэг Зул сарын сэдэвтэй киноны тоонд зүй ёсоор багтдаг.
Найруулагч Роберт Земекисийн шилдэг ажлын нэг энэ киног анхны бүрэн дижитал кино хэмээгдэн 2006 онд Гиннесийн номд бичигдсэн.
15. Шинэ жилийн паян цуврал кино (Ёлки)
Шинэ жилийн баярын паянгийн тухай өгүүлэх Оросын бас нэг сонирхолтой кино. Киноны үйл явдал Оросын Моксва, Калининград, Пермь, Уфа, Казань, Якут, Екатеринбург, Красноярск, Новосибирск, Бавлах (Татарстан) хотуудад зэрэг өрнөнө. Шинэ жилийн баяраар хэд хэдэн хүний хувь заяа, амьдрал үйл явдал хэрхэн сонирхолтойгоор холбогдсон тухай өгүүлэх болно.
unuudur.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ