Аргентин ковид19-тэй тэмцэх мөнгөө баячуудаас татвар авч бүрдүүлнэ
Гэрэл зураг: Эрэгтэй нь Аргентиний Ерөнхийлөгч Альберто Фернандес.
Аргентиний сенат “Саятнуудын татвар” гэх тусгайлсан нэр бүхий татварын хууль баталжээ. Хуулийн гол зорилго нь ковид19-тэй тэмцэх мөнгөө баячуудаас бүрдүүлэх явдал бөгөөд улсын хамгийн баян 12 000 хүнээс тусгай татвар авч, тэр мөнгөө цар тахлын нөлөөг бууруулахад хэрэглэх юм байна.
Хуулийн төслийг батлах эсэх санал хураалтад 68 гишүүн оролцож, 42 нь зөвшөөрч, 26 нь татгалзсанаар хууль батлагджээ. Ерөнхийлөгч Альберто Фернандес “Саятнуудад зориулсан татвар” гэсэн нэршил аваад буй энэ хууль хэрэгжсэнээр улс ковид19 өвчин, түүнтэй холбоотой бий болсон хүндрэлүүдийг давахад зарцуулах 3.7 тэрбум ам.долларын эх үүсвэр бүрдүүлнэ гэж мэдэгджээ.
Хуулийн төслийг санаачлагч, сенатор Карлос Касерио Сенатын албан ёсны цахим хуудаст бичсэн мэдээлэлдээ “Цар тахал яг л дайн байлдаан болсон мэт эдийн засгийг сүйрүүлж, олон хүний амийг авч одсон ч бид энэ хямралаас гарна” гээд “Хууль нэг л удаа хэрэгжих болно” гэсэн байна.
Жонс Хопкинсын их сургуулийн хөтөлж буй статистикаар, Аргентин улсад 1.45 сая хүн халдвар авч, 39 500 хүн нас бараад байгаа юм.
eagle.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ