МУИХ, БХАТИХ-ын байнгын уулзалтын механизмын уулзалт цахимаар боллоо

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.

Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь нар даргаллаа.

Хоёр улсын парламентын дарга нар 2014 онд гарын үсэг зурж, ёсчилсон хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын механизмын 3 дахь удаагийн уулзалтыг энэ жил Монгол Улсад зохион байгуулахаар товлосон юм. Коронавирусний цар тахлын улмаас энэ удаагийн уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулав.



УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан уулзалтын үеэр хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хооронд “Талын зам” болон “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Санамж бичиг байгуулан, тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа, хоёр орны худалдааны эргэлт КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр буурсан ч Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц” түр журам зэрэг арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцааг харьцангуй богино хугацаанд сэргээхэд чухал түлхэц үзүүлснийг онцлон тэмдэглэлээ.


Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Монголбанк Хятадын Ардын банктай "Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох" своп хэлцлийг байгуулснаар 2012-2016 онд нийт 12 тэрбум юань буюу 1,8 тэрбум ам.долларыг зарцуулжээ. 2016 оноос хойш хэлцлээс нэмж ашиглаагүй байна. Монголын тал Хятадын талд нийт 4,4 тэрбум юань буюу 660 сая ам.долларын хүү төлсөн бол 2021 онд 594 сая юань буюу 87 сая ам.долларын хүү төлөхөөр хүлээгдэж байна. Тиймээс коронавируст цар тахлын улмаас үүсээд байгаа нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг харгалзан үзэж Монголын талын өрийг тэглэх, хөнгөлөх чиглэлээр Монгол Улсын Их Хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хамтарч ажиллах саналтай байна гэв.



Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Байма Чилинь хоёр улсын харилцаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлсэн юм.


Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс Монгол Улсын Их Хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад дараах санаачилгыг гаргаж байна гэв. Үүнд,

Нэгдүгээрт, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, Хоёрдугаарт, парламент хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Гуравдугаарт, цар тахлын халдварын эсрэг хамтран тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнд хүрэх, Дөрөвдүгээрт, олон талт үзлийг дэмжин, хамт хөгжих бодлогыг баримталж, олон улсын үйл ажиллагаанд харилцан дэмжлэг үзүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэлээ.


Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан нар оролцон үг хэлж, байр сууриа илэрхийлэв.


Харин БНХАУ-ын талаас БХАТИХ-ын Үндсэн хууль, Хууль зүйн хорооны дэд дарга Ху Кэмин, БХАТИХ-ын Гадаад хэргийн хорооны дэд дарга Шү Кэ, БХАТИХ-ын Хөдөө аж ахуй, хөдөө нутгийн хорооны дэд дарга Цай Фан, БХАТИХ-ын Санхүү, эдийн засгийн хорооны гишүүн Жоу Сүнхэ, БХАТИХ-ын Байгаль орчин, нөөц баялгийг хамгаалах хорооны гишүүн Жао Юун, БХАТИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны гишүүн Ли Вэй нар оролцож, үг хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ