Б.Ууганбаяр: Улаанбаатарт гемодиализын аппаратанд орох шаардлагатай иргэдийг эмчилгээний боломжоор хангана
Үүсээд буй коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотой УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяраас зарим зүйлсийн талаар тодрууллаа.
-Коронавируст халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ойрын өдрүүдэд Шуурхай штабаас ямар ажлуудыг зохион байгуулж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.
-УОК-ын Шуурхай штаб 7 хоногийн 24 цагаар тасралтгүй эрчимтэй ажиллаж байна. Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолоор Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулаад бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамжийг боловсруулан Монгол Улсын Шадар сайдаар батлууллаа. Энэхүү удирдамжийг орон нутгийн онцгой комисст хүргүүлсэн, удирдамжийн хүрээнд орон нутгийн онцгой комисс болон холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Хоёрдугаарт, коронавирустэй тэмцэх бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулаад Монгол Улсын Шадар сайдаар мөн батлууллаа. Энэ бэлэн байдлын төлөвлөгөө дотороо шар, улбар шар, улаан гэсэн 3 зэрэглэлтэй. Мөн Засгийн газрын тогтоолоор гамшгийн 3 зэрэглэлийг баталсан байдаг. Үүнтэй уялдуулаад 3 зэрэглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг тусган Шадар сайдаар батлуулсан.
Гуравдугаарт, Улаанбаатар хотод тохиолдол илэрсэн. Тохиолдлын хавьтлыг тусгаарлах арга хэмжээг зохион байгуулж байна. Тусгаарлан ажиглах зориулалтаар ашиглах байрны нөөцийн судалгаа гаргасан. Дөрөвдүгээрт, тусгаарлан ажиглах байрнаас иргэд гэрийн ажиглалтад шилжиж байгаа. Эдгээр иргэдийг нэгдсэн зохион байгуулалттай хүргэх арга хэмжээг Нийслэлийн онцгой комисстой хамтран зохион байгуулж байна. Иргэд 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байж, дэглэм сахих үүрэгтэй. Тухайн иргэн бүрээр баталгаа гаргуулж байна.
Тавдугаарт, тусгаарлан ажиглах байранд үүссэн асуудал бүрийг шийдвэрлэж байна. Зургаадугаарт, эрүүл мэндийн байгууллагын чиглэлээр хэрэгжиж байгаа төслийн хүрээнд гадаад улс орноос ирэх эмнэлгийн бараа, материал, тоног төхөөрөмж, техник, багаж, хувцас хэрэглэлийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Долоодугаарт, орон нутагт эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулах, сургалт зохион байгуулах техникийн ажилтануудыг саадгүй ажиллах боломжоор хангаж байна.
Наймдугаарт, цахилгаан, дулаан хангамжийн засвар үйлчилгээний ажлыг доголдол үүсгэхгүй байх тал дээр дэмжлэг үзүүлж байна. Энэ мэтчилэн олон ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
-Хот хоорондын зорчих хөдөлгөөнтэй холбоотой ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ? Иргэд энэ тал дээр их бухимдуу байх шиг байна.
-Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах машин техникийг хотоос гаргах түр журмыг боловсруулаад Улсын онцгой комисст хүргүүлсэн. Ойрын хугацаанд шийдэгдэж, зохицуулалт хийгдэнэ.
-Зорчих хөдөлгөөнийг бүрэн хаасан гэсэн үг үү?
-Мэдээж үгүй. Учир нь эрүүл мэндийн болон цахилгаан, дулаан хангамж, дэд бүтэцтэй холбоотой, аюулгүй байдлыг хангах, Улсын онцгой комиссын шуурхай бүлэг орон нутагт ажиллах, улсын онц чухал обьектын тогтвортой байдал, хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлд зохицуулалт хийгдэж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мөн хэвийн явуулж байна.
-Энэ цаг үед тархварыг тогтоон барих тал дээр салбарууд хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-ХӨСҮТ-ийн тандалт судалгаа, хавьтлыг тогтоох арга хэмжээг зохион байгуулахад мэргэжлийн байгууллагууд бүхий л талаараа дэмжиж хамтарч ажиллаж байна. Тодруулвал, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, Шуурхай штабын баг бүрэлдэхүүн, ЗХЖШ, ЗӨСҮТ, НЭМГ, НОБГ зэрэг олон байгууллагууд хамтран мөн бид ард иргэдийн тусламжтайгаар тархварыг шуурхай тогтоон барих ажлуудыг эрчимтэй зохион байгуулж байна. Үүнд манай ард иргэд идэвхи санаачлагатай оролцож байгааг онцлон хэлмээр байна. Гэнэт шөнийн цагт ХӨСҮТ тандалт хийнэ гэхэд хүн хүч, машин техникийн туслалцаа үзүүлж байна. Эдгээр хүмүүсийг яаралтай тусгаарлах хэрэгтэй гэхэд зохион байгуулж байна.
-Тусгаарлалтанд байгаа иргэдийн хувьд нөхцөл байдал ямар байгаа бол?
-Одоогийн байдлаар нийслэл хотод 867, орон нутагт 570 хүн, нийтдээ 1437 иргэнийг тусгаарлах арга хэмжээг зохион байгууллаа. Гэхдээ энэ тоо байнга өөрчлөгдөж, хэлбэлзэж байна. Өмнөх татан авалтаар ирсэн зарим иргэдийн хугацаа дуусч байна. Заримных нь дуусаагүй байгаа. Сүүлийн 2 өдрийн байдлаар бид тусгаарлалтын хугацаа дууссан 259 иргэдийг 14 хоног гэрийн ажиглалтанд шилжүүлсэн. Тэдгээр иргэдээс гэртээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж сахина гэсэн баталгаа гаргуулж байж хаягууд дээр нь хүргүүлэх ажлуудыг хийлээ.
-Мэдээж иргэдээс олон тооны санал гомдол ирж байгаа байх. Энэ талаар ярьвал?
-Мэдээж тэгэлгүй яахав. Бид ч иргэдийнхээ санал хүсэлтийг хүлээн авч олон асуудлыг шийдэж байна. Саяхны нэг жишээг дурдвал 22-ын товчоон дээр хавдартай иргэн ирээд гацсан байсныг цагдаагийн хамгаалалтан дор ХСҮТ-рүү шууд хүргүүллээ. Өнгөрсөн шөнө Тайж зочид буудалд тусгаарлагдаж байгаа эмэгтэй 7 сартай хүүхдээ гэртээ үлдээсэн байсан. Тус эмэгтэйн хөх нь чинэж хүүхдээ хөхүүлэх хүсэлтийг бидэнд ирүүлсэн. Энэ асуудлыг ар гэрээс нь өргөдөл гаргуулж авсаны үндсэн дээр 7 сартай хүүхдийг эцэг, эхтэй нь хамт тусгаарлах ажлыг зохион байгууллаа. Мөн Улаанбаатар хотод гемодиализын аппаратанд орох шаардлагатай иргэдийн эмчилгээний нөхцөл боломжийг хангахаар ажиллаж байна. Энэ мэтчилэн цаг үеийн байдлаас шалтгаалан аж ахуй нэгж болон иргэдэд үүсч буй асуудлыг хөнгөвчлөхөөр аль болох шуурхай ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: gogo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ