Т.Мөнхсайхан: Халдвар нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүй

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх, хяналт тавих, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Шадар сайд Я.Содбаатар: Дэлхийн 62 улс орон манай улстай адил дотооддоо хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 672 боллоо. Үүнээс дотоодын халдварын тоо 253 байна. 253 тохиолдлын 54 нь Улаанбаатар хотод байгаа юм. Арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш PCR-ын шинжилгээнд 18 мянган иргэнийг хамрууллаа. Улаанбаатар хотод 111 цэгт шинжилгээ авч байна. Сэлэнгэ аймгийн хувьд гурван газарт коронавирусийн батлагдсан тохиолдол илэрсэн. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг сумын иргэнийг шинжилгээнд хамруулах ажил 84 хувьтай явагдаж байна. Сэлэнгэ аймагт нэмэлтээр PCR аппарат суурилуулж ажиллалаа. Дархан-Уул аймагт төмөр зам дагасан 20 тохиолдол бүртгэгдээд байгаа. Тус аймгийн 21,370 иргэнээс шинжилгээ авлаа. Орхон аймагт төмөр зам дагасан 17 тохиолдол бүртгэгдсэн. Эрдэнэт үйлдвэрийн 6600 гаруй иргэнийг шинжилгээнд хамруулсан. Өмнөговь аймгийн уурхайнуудад онцгой дэглэм сахиулж, 6,000 гаруй жолоочийг шинжилгээнд хамруулах ажил эхлээд байна. Гашуунсухайт болон Шивээ хүрэн дээр нүүрсний хангамжийн асуудал явж эхэлсэн. Өчигдрөөс нөөцийн махны худалдааг зогсоосон.

Мэдээлэлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Гаргасан бүх шийдвэр чинь ойлгомжгүй, иргэдийг бухимдуулж байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх вэ. Нийслэл, Засгийн газар, УОК гээд шийдвэр өөр өөр гарч байна. 

Шадар сайд Я.Содбаатар: 1.7 сая хүний хөл хориог хязгаарлах тухай шийдвэрийг хумилт хийхдээ өмнөх өдрийн машины ачаалал, хөдөлгөөний ачааллыг харж байгаад гаргасан. Үүнээс өөр гарсан шийдвэр буцсан зүйл байхгүй. Шийдвэр бүр бүх хүнд таалагдах боломжгүй, УОК зайлшгүй авах арга хэмжээг авч байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 12-р сарын 1-нээс хойш хөл хориог яах вэ гэдэг хүлээлт иргэдийн дунд их байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс яах вэ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Халдвар хэрхэн үргэлжлэхээс 12 дугаар сарын 1-нээс хойш хатуу хөл хориог хэрхэх шийдвэр гарна. Өнөөдрийн байдлаар хөл хорио үргэлжилнэ, зогсоно гэдэг шийдвэр гаргахад эрт байна. Халдвар голомтолсон, нийтийг хамарсан халдвар гарах уу гэдгээс шийдвэр гарна. Халдвар нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүй. 10 мянга гаруй өрхөд амны хаалт тараахаар бүртгэлжүүлж, шинжилгээнд хамруулж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Хэв маягаа эвдье л дээ. Нөгөө л юмаа асуугаад  нөгөө хэд нь хариулж байна. Ийм хачин юм гэж юу байдаг юм бэ. Одоо жаахан шуурхай ажиллаж болдоггүй юм уу. Тэр мах, автобусанд чихцэлдэж яваа талаар өнгөрсөн дөрөв дэх өдөр өчнөөн ярьсан. Ийм жонхуу царайтай, үхээнц дорой байхаа боль. Орд иргэдэд асар олон асуудал үүсээд байна. Газар, газар түгжигдсэн хүмүүсийг яах юм. Улсын онцгой комисс судалж үзнэ л гэх юм. 14 хоногийн хугацаа халдвараа хумьж ав гэсэн хугацаа шүү дээ. Тиймээс хоёр горимийн санал байна. Манай түр хороо ажлаа хий. Одоо энэ хүмүүстэй ярихаа болъё. Эдийн засгийн асуудлаар тусдаа яръя. Мөн оношлогоо эмчилгээн дээр чинь маш их эргэлзээ төрж байна.

Шадар сайд Я.Содбаатар: Н.Алтанхуяг аа, энэ хотод түгжигдсэн иргэдийн асуудлыг та Шадар сайд байгаад ч шийдэж чадахгүй. Би түгжээд байгаа юм биш. Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрийн дагуу ажиллаж байна. Бүх бүртгэлийг хийсэн. Одоо шинжээчдийн дүгнэлтэд үндэслэн ажиллаж байна. Та энэ зэргийн асуудлыг мэднэ шүү дээ. Бодлогын зөвлөмжийг дагаж байна. Хүмүүсийн зовлон жаргал үнэхээр их байна. Болдог бол өнөөдөр ч гаргачихмаар байна. Гэтэл аймгуудад эрсдэл үүснэ. Улаанбаатарт өчигдөр иргэдээс хоёр тохиолдол гарчихлаа. Хэрвээ гараагүй гурав, дөрөв хоносон бол дараагийн арга хэмжээг авахаар бэлдчихсэн байсан. Дахиад энэ хоёр тохиолдлын ойрын хавьтлыг тогтооно. Битгий ийм хоёрын хооронд улс төр хийж бай.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та нар ямар эмзэг юм, чиний хийх ёстой асуудал, чадахгүй бол байраа тавьж өг. Дараачийнхаа хүнийг гарга. Та нар яах гээд ингээд бүхэл бүтэн улс орны өмнө суучихаад шийдвэр гаргаж чадахгүй суугаад байгаа юм” хэмээн шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Оюутнуудын суугаагүй хугацааны төлбөрийг буцаах уу. Нэг иргэнийг эмчлэх зардал 8 сая гэж үнэн үнийн дүн үү. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ