Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулснаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэнэ
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд цахимаар 50 гишүүн оролцож, 81.9 хувийн ирцтэйгээр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Уул уурхай, Эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариуллаа. Нийт 24 гишүүн дээрх төслүүдийн талаар асууж, санал хэлсэн юм.
Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт импортлогч улсаас экспортлогч улс болж, эдийн засаг, санхүүгийн хүндрэлийг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах бодлого хэрэгжүүлэхээр тусгасан.
Иймд эдийн засгаа тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх хүрээнд Оюутолгой төслийн далд уурхайг ашиглалтад оруулах, Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн хүрээнд ил уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэл технологийн парк байгуулах, Цагаансуваргын зэс молибденийн ордыг ашиглалтад оруулах, Тавантолгойн нүүрс боловсруулах үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан. Мөн Дарханы хар төмөрлөгийн цогцолбор, Дорноговь хар төмөрлөгийн цогцолбор, Тавантолгой нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг үндэсний болон олон улс, бүс нутгийн сүлжээнд холбогдсон зам, тээврийн дэд бүтцийг өргөжүүлж, стратегийн ач холбогдол бүхий ордуудын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлж, төслүүдийг эрэмбэ дараатай хэрэгжүүлэхээр тусгаж, эхнээсээ төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Жишээлбэл, Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулснаар зэсийн баяжмал үйлдвэрлэл 622 мянган тонноос 1583 мянган тонн болж 2.5 дахин нэмэгдэнэ. Уг төслийн явц 2020 оны эхний хагас жилийн байдлаар төсөл эхэлснээс хойш далд уурхайд 4.044.0 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. 2021 оны долоодугаар сараас далд уурхайн огтолгооны түвшний өрөмдлөг тэсэлгээний ажлыг эхлүүлэх талаар салбарын сайд танилцууллаа.
Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан Цагаан суваргын орд төслийн хүчин чадал нь жилд 14.6 сая тонн хүдэр олборлож, 320 мянган тонн зэсийн баяжмал, 5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэх боломжтой юм.
Харин Эрчим хүчний сайд Х.Тавинбэх одоо хэрэгжиж байгаа төслүүд болон санхүүжилт шийдвэрлэх шаардлагатай томоохон төслүүдийг танилцуулсан. Үүнд, Тавантолгойн 450 МВт-ын дулааны цахилгаан станц, холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Дулааны 3-дугаар цахилгаан станцыг 325 МВт-аар өргөтгөж шинэчлэх, Багануурын цахилгаан станц барих зэрэг төслүүдийг онцолсон гэж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ