Комүсүби Тэрүнофүжи тавиас дээш хувийн амжилт үзүүллээ

Кюшюү башёгийн арав дахь өдөр зүүн жигүүрийн комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Тобизаруг өргөж гаргах буюу цуридаши мэхээр ялснаар найм дахь даваагаа авав. Хоёр дараалан өвдөг шороодоод байсан тэрээр шинэ оны эхний башёд сэкивакэ цолтойгоор зодоглох нь тодорхой болоод байна.

Энэ өдөр Чёошёома Г.Мөнхсайхан жюүрёо Мидорифүжиг хатакикомигоор, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Саданоумиг уватэнагэгээр, Ичиножо А.Ичинноров Гүржийн Точиношинг ёрикиригээр давж, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгашира Рюүдэнд ошидашигаар дийлдлээ. Манай дөрвөн бөхийн хувьд Ичиножогоос бусад нь зургаан даваа, дөрвөн унаатай болжээ. Харин Ичиножо гурван даваа, долоон унаатай байна.

Тэмцээнийг тэргүүлж байсан маэгашира Шиманоуми, озэки Такакэйшёо нар өрсөлдөгчдөө ялснаар тэргүүллээ хадгалж үлдсэн бол араас нь нэг унаа илүү маэгашира Такарафүжи, Рюүдэн, комүсүби Тэрүнофүжи нар нэхэж буй.

Өнөөдөр Хоошёорюү Шиманоумитой, Ичиножо Ютакаяматай, Чёошёома Токушёорюүтэй, Тамаваши Дайэйшёотой, Тэрүнофүжи Миёгирюүтэй барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ