Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр дараалж унав

Кюшюү башёгийн ес дэх өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн Котоновакад сукуинагэгээр, Ичиножо А.Ичинноров Кайсэйд ёрикиригээр, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Такаясуд окуридашигаар ялагдлаа. Харин Чёошёома Г.Мөнхсайхан Тэрүцуёшиг уватэнагэгээр, Тамаваши Б.Мөнх-Оргил Котоэког ошидашигаар давав. Эхний долоон өдөр унаагүй явсан комүсүби Тэрүнофүжи ийнхүү хоёр өдөр дараалж унаж буй юм.

Тэрээр найм дахь өдөр маэгашира Дайэйшёод унаад байсан билээ. Есөн өдрийн дараах байдлаар Тэрүнофүжи долоо, Тамаваши зургаа, Хоошёорюү, Чёошёома нар тус бүр тав, Ичиножо хоёр даваатай болоод байна. Нэг ч унаагүй манлайлж байсан озэки Такакэйшёо маэгашира Тобизаруг барсангүй.

Тэмцээнийг найман даваа, нэг унаатай маэгашира Шиманоуми, Такараүжи, озэки Такакэйшёо нар тэргүүлж, нэг унаа илүү маэгашира Чиёнокуни, комүсүби Тэрүнофүжи нар нэхэж байна. Өнөөдөр Чёошёома жюүрёо Мидорифүжитэй, Хоошёорюү Саданоумитай, Ичиножо Точиношинтой, Тамаваши Рюүдэнтэй, Тэрүнофүжи Тобизарутай хүч үзнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ