Жүдогийн дэлхийн аваргын медалийг хамгийн залуудаа хүртсэн гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэг: Би олдсон боломжийг бүрэн ашиглаж медаль авсан
Монголын зургаан эмэгтэй жүдоч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд буй. М.Уранцэцэг 2013 онд алт, 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл, Д.Сумъяа 2017 онд алт, 2015, 2018 онд хүрэл, Х.Эрдэнэт-Од 2005, М.Бундмаа 2010, Ц.Мөнхзаяа 2015, Б.Мөнгөнчимэг 2017 онд тус бүр хүрэл медаль зүүгээд байгаа билээ.
Х.Эрдэнэт-Од 30, Ц.Мөнхзаяа 29, М.Бундмаа 25, Д.Сумъяа 24, М.Уранцэцэг, Б.Мөнгөнчимэг нар тус бүр 23 настайдаа дэлхийн аваргын медаль авсан ба "Рио-2013"-д түрүүлэхдээ М.Уранцэцэг 23 нас, таван сар, 12 хоногтой, "Будапешт-2017"-гоос хүрэл медаль зүүхдээ Б.Мөнгөнчимэг 23 нас, хоёр сар, 20 хоногтой байжээ.
Ингээд Монголын эмэгтэй жүдочдоос хамгийн залуудаа дэлхийн аваргын медаль хүртсэн гавьяат тамирчин Б.Мөнгөнчимэгтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд сонирхуулъя.
-Хөгжөөн дэмжигчид, фэнүүд чинь таны талаарх сүүлийн үеийн мэдээллийг сонирхож байгаа нь лавтай. Тиймээс танаас ярилцлага авахыг зорилоо л доо...
-Би 2014 онд мөрөндөө хүнд бэртэж, хагалгаанд ороод, жил гаран барилдаагүй. Харамсалтай нь одоо ч бас бэртэл гэмтэлтэй байна.
-Нууц биш бол хаана хагалгаа хийлгэв?
-Монголдоо. "MBG" гэдэг гэмтлийн хувийн эмнэлэгт хагалгаанд орсон. Өвдгөндөө хагалгаа хийлгэсэн л дээ.
-Жүдо сонирхогчид таныг хэзээ дэвжээндээ эргэж ирэх бол гэж чих тавин хүлээж буй нь лавтай...
-Бэртлээ сайн эдгээж байгаад бэлтгэлдээ орно доо. Би ч гэсэн дэвжээн дээрээ гарахыг ямар их хүсэж, хүлээж байна гээч.
-Хойшид 63 кг-даа барилдах уу?
-Энийг харин сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол 63 кг-аас өөр жинд барилдаж бараг үзээгүй л дээ. Гэхдээ сүүлийн үед жин их хасдаг болсон(инээв). 63-таа барилдах уу, жин өгсөх үү гэдгийг ёстой хэлж мэдэхгүй байна.
-Хэзээнээс уралдаан тэмцээнд орж эхлэхээ төлөвлөө байлгүй...
-Үнэнийг хэлэхэд одоогоор төлөвлөсөн юм алга аа. Юун түрүүнд эрүүл болохоо л бодож байна. Тэгээд дараа нь бүх юм аяндаа сайхан болох байх аа. -Таны гол өрсөлдөгч хаанахын хэн бэ?
-Мэдээж олимпын мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Францын Кларисс Агбеньену, олимп, дэлхийн аварга, Словенийн Тина Трстеняк, за тэгээд япончууд.
-Жингийнхээ шилдгүүдтэй бүгдтэй нь барилдаж үзсэн үү? Тэр дундаа Агбеньену, Трстеняк хоёртой хэр олон таарав?
-Ихэнхтэй нь барилдаж үзсэн шүү. Францын бөх, Риогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга Агбеньенутай 2011 оноос хойш 4-5 удаа барилдсан байх, ялж үзээгүй ээ. Түүнийг ялчих юм сан гэж их бодох юм. Бас хичээж байна даа. Харин олимп, дэлхийн аварга, Словенийн Трстеняктай тэмцээн дээр барилдаж үзээгүй. Тинатай барилдаад үзчих юм сан гэж их боддог ч яагаад ч юм бэ бид хоёр таардаггүй юм. Бэлтгэл дээр бол барилдаж үзсээн.
-Хэр ойролцоо үзэж байна вэ?
-Сайн үздэг шүү. Оноо авна, алдана, янз янз(инээв). Тэгэхдээ бэлтгэл дээрх барилдаан, тэмцээн дээрх барилдаан хоёр тэс өөр шүү дээ.
-Ингэхэд та жиндээ нэлээн өндөрт тооцогддог уу? Өндөр тань...
-Азидаа ер нь гайгүй ээ, харин европчуудтай адилтгавал дундаж л байх. Би 168 см өндөртэй.
-"Будапешт-2017" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаа эргэн дурсаач...
-Мэдээж, дэлхийн аваргаас медаль авах сайхан шүү дээ. Саяхан мэт л санагдаж байна. Олимп, дэлхийн аваргын дэвжээнд төрийн далбаагаа мандуулж, энгэртээ медаль зүүх гэж бүх тамирчин бүхий л зүйлээ зориулж, бэлтгэл сургуулилт хийдэг. Будапештийн дэвжээн дээр эхлээд Энэтхэгийн Хуйдромиг, дараа нь Финландын Эмилиа Канерва, Францын Марго Пиньог ялаад, дөрөвдүгээр тойрогт Францын Кларисс Агбеньенуд ялагдсан. Дагах барилдаанд Бразилын Кетлин Квадросыг буулган авч, хүрлийн төлөөх барилдаанд Хятадын Ян Жишуаг ялсан.
-Медалийнхаа өнгийг хувиргах боломж байсан уу?
-Тухайн үед бүх зүйлээ л шавхаж барилдсан болохоор дараа нь ийм тийм гэж боддоггүй. Олдсон боломжийг ашиглаж чадсан л гэж боддог.
-Тэр дэлхийн аваргад манайхан үнэхээр бахдам амжилт гаргасан шүү...
-Тийм ээ, эхний өдрөөс л Уранцэцэг эгч маань аваргын төлөө гарч ирээд, булган сүүлтэй гэдэг байх аа. Медаль ч цуварч өгсөн дөө. Эмэгтэйчүүдээс Сумъяа алт, Уранцэцэг мөнгө, би хүрэл, эрэгтэйчүүдээс Болдбаатар, Одбаяр, олимпын алт, мөнгөн медальт Түвшинбаяр нар хүрэл нийт зургаан медаль авч байлаа шүү дээ.
-Тивийн аваргад хэдэн удаа оролцлоо...
-"Инчёон-2014" Азийн зуны тоглолтод тавдугаар байр эзэлсэн. 2016 оны тивийн аваргад бас л тавд орсон. Хонконгод 2017 онд болсон тивийн аваргаас мөнгөн медаль хүртсэн шүү.
-Наадaхаа жаахан тодруулаач...
-Тэгэхэд эхний тойрогт Тайванийн Чен Юн-Тингийг, дараа нь Узбекистаны Мухаёо Ибрагимоваг, хагас шигшээд Казахстаны Мариан Урдабаеваг ялаад, аваргын төлөөх барилдаанд Японы Нами Набекурад хожигдсон. Тивийн авөргад гурав л оролцсон юм байна.
-63 кг-д дотоодын өрсөлдөөн хэр байдаг вэ?
-Манай 63 кг ер нь сайн шүү. Дотоодын өрсөлдөөн сайн байж л гадагшаа сайн үзнэ шүү дээ. Би Цэрэннадмид эгчтэйгээ хамт тэмцээнд явж өрсөлдөж сайжирсан гэж боддог юм, өөрийгөө. Мөн Мөнхзаяа эгчийнхээ бэлтгэл хангагч хийж, нухуулж байж сайжирсан даа. Ер нь мундаг эгч нартай байсандаа баярлаж явдаг.
-Дархан мэх чинь гэвэл...
-Ихэвчлэн хийдэг болохоор хөмрөх, тохох юм уу даа.
-Таны шүтэн биширдэг жудоч...
-Шүтэн биширдэг жүдоч гэвэл зөндөө,зөндөө. Бүгд л мундаг шүү дээ.
-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Бага насныхаа талаар яриач...
-Багадаа уран нугардаг байлаа. Найман настайгаасаа таван жил нугараад, их л биерхүү хүүхэд болсон шүү. Урлаг, спортод авьяастай, дээр нь сурлага сайтай, хийх юмаа хийгээд л явдаг хүүхэд байсан даа. Би чинь гурван хүүхэдтэй айлын дундах нь. Нэг ах, нэг охин дүүтэй.
-Яагаад жүдогоор хичээллэх болов?
-Аав маань жүдогийнхонтой их найз байсан нь нөлөөлсөн юм болов уу даа.Тэгээд ч би чинь ахтайгаа барилдаж өслөө шүү дээ. Бөхийн өргөөг тойроод л гүйнэ. Би нэг сонирхолтой гэмээр түүх ярья. Миний үсний найранд тэр үеийн сайн сайн жүдочид ирж байсан юм билээ. Одоо манай шигшээ багийн эмч хүртэл ирсэн байгаа юм даа. Бас сонин шүү.
-Анхны багш чинь...
-Монгол улсын гавьяат дасгалжуулагч Шархүүгийн Цэвэлмаа багш шүү дээ.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Бэлтгэлтэй үед чөлөөт цаг нэг их гардаггүй шүү дээ. Амралтын өдрүүдээ гэр бүлтэйгээ л өнгөрөөхийг боддог. -Олон улс орноор яваа. Хамгийн таалагдсан нь... -Анх 2009 онд Унгарт өсвөр үеийн дэлхийн аваргад оролцож байлаа. Тэр утгаараа Унгар надаа их таалагдсан л даа. Дараа нь Будапештэд 2017 онд болсон дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Унгар л хамгийн их таалагддаг. Таны хобби?
-Би гараар юм хийх дуртай л даа. Юм оёх, шигтгэх гээд л.
-Гадаадын бөхчүүлээс хаанахын хэнтэй байдаг вэ?
-Би чинь Францад гурван жил легионер тамирчин явсан юм. "FLAM 91" клубийн тамирчидтай дажгүй харьцаатай шүү. -Ингэхэд найз залуутай юу?
-Байлгүй яах вэ дээ. Бүх л цаг үед хажууд минь байдаг, намайг маш их дэмждэг мундаг хүн бий, бий.
-Нууц биш бол та хоёр яаж танилцав?
-Би 2015 онд "MBG" эмнэлэгт хагалгаанд орсон юм. Тэгээд шарлагын өрөөнд бид хоёр танилцсан юм шүү дээ(инээлээ).
Ярилцсан Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ