Дэлхийн төр засгийн тэргүүнүүд Б.Байденд баяр хүргэжээ

Дэлхийн төр, засгийн тэргүүнүүд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь Жозеф Байденд баяр хүргэжээ.


Санал хураалтын дүн албан ёсоор зарлагдаагүй хэдий ч Америкийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ж.Байденыг ерөнхийлөгч болоход шаардагдах тооны саналыг авсан гэж таамаглаж байгаа юм.


Германы канцлер Ангела Меркель сонгуульд ялсанд нь Ж.Байден, Камала Харрис нарт баяр хүргэж, амжилт хүслээ хэмээн тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


Цаг үеийн сорилтыг даван туулахад хоёр улсын удирдагчдад хийх зүйл олон бий хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэж, Ж.Байденд баяр хүргэжээ. 


Италийн Ерөнхийлөгч Сержо Маттарелла мэдэгдэхдээ, дэлхий дахины хувьд тун хэцүү байгаа энэ цаг үед АНУ-ыг удирдах боломжийг ард түмэн түүнд өгчээ гэжээ. Түүнчлэн түншүүдийн харилцааг бэхжүүлнэ гэж найдаж буйг тэрбээр илэрхийлсэн байна.


Ж.Байденд хаягласан захидалдаа Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрисыг мөн дурдаж, түүхэн амжилт гаргасанд нь баяр хүргэхийн сацуу АНУ-ыг Их Британийн гол холбоотон гэжээ.


“Их Британи, АНУ-ын нөхөрлөлийн харилцаа дэлхийн сайн сайхны хүч байсаар ирсэн хэмээн Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб Ж.Байденд баяр хүргэх үеэрээ мэдэгдэв.  


Үүнээс гадна Австрийн канцлер Себастьян Курц, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Испанийн Ерөнхий сайд Педро Санчес, Исландын Засгийн газрын тэргүүн Катрин Якобсдоуттир, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Литва улсын Ерөнхийлөгч Гитанас Науседа нар Ж.Байденд баяр хүргэсэн байна. 

montsame.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ