Гавъяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит тэмцээн эхэллээ
"АТЛАНТА-1996" зуны олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдочдын 24 дэх удаагийн олон хотын тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотын “Хангарьд палас” ордонд эхэллээ.
Нийт гурван өдөр зохион байгуулагдах тус тэмцээн т охид, хөвгүүдийн 56 жинд 1400 гаруй тамирчдын дунд зохион байгуулагдаж байна. Тэмцээний эхний өдөр хөдөө орон нутаг болон нийслэлийн 61 клубийн 458 өсвөрийн жүдочид 20 жинд аваргаа тодруулна.
Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр оролцож, залуу тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.
Сонирхуулахад гавъяат тамирчин Д.Нармандах нь орчин үеийн Олимпын наадмын 100 жилийн ой “АТЛАНТА-1996” наадмаас жүдо бөхийн -60 кг-ын жинд Монгол Улсын цорын ганц медалийг авчирсан алдартан төдийгүй, улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж, Азийн аварга болсон анхны жүдоч юм.
Түүний нэрэмжит тэмцээнд хүндэт зочдоор жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Баяржавхлан, Д.Бадрах, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Д.Баттулга, Ж.Баярсайхан, гавъяат тамирчин Т.Үйтүмэн, О.Пүрэвбаатар, Х.Батхишиг нар уригдан очсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ