Согтууруулах ундаа коронавируст хэрхэн нөлөөлдөг вэ?

Согтууруулах ундаа хэрэглэх нь коронавирусийн халдварт хэрхэн нөлөөлдөг тухай Оросын наркологийн эмч Руслан Исаев ярьжээ. Тэрээр “Sputnik радиод өгсөн ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

 

"Согтууруулах ундаа уудаг хүн коронавирусийн халдвар авбал өвчнийг улам л хүндрүүлж болох юм" гэж тэрээр дурджээ. Өвчин аль хэр хүнд явцтай байх нь биеийн өөрийгөө хамгаалах чадвараас шалтгаалдаг. Харин архи дарс уух нь дархлааг улам муутгадаг гэж тэрээр тайлбарласан байна.

 

Тэр тусмаа вирусийг эмчлэхэд хэрэглэж буй эм бэлдмэлийг согтууруулах ундаатай хамт хэрэглэж болохгүй. Учир нь энэ нь хүндрэл, ноцтой үр дагаварт хүргэж мэднэ гэж мэргэжилтэн онцлон тэмдэглэжээ. Антибиотик хэрэглэхдээ согтууруулах ундаа ууж болохгүй гэж эмч онцлон сануулсан байна.

 

"Ямар ч хүн коронавирусээс өөрийгөө хамгаалах чадамжийг сайжруулж чадна" гэж дархлаа судлаач Георгий Викулов ярьжээ. Дархлааны тогтолцоо нь хүний биеийг вирусээс хамгаалах гол хамгаалалт юм. Биеийн тамираар тогтмол хичээллэх нь дархлааг сайжруулах сайн арга гэж тэрээр тодруулан тайлбарлажээ. Дархлаагаа сайжруулъя гэвэл тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэхээс эрс татгалзахыг уриалсан байна.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ