“Монголын оюутны спортын V наадам”-ын бүртгэл үргэлжилж байна
Монголын оюутны спортын холбоо/МОСХ/-ноос “Монголын оюутны спортын V наадам”-ыг 2020 оны 11 дүгээр сарын 2-ноос 12 дугаар сарын 10 хүртэл спортын 10 төрлөөр зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулна.
Тухайлбал, Сагсанбөмбөг /11.03-08 - СТО-ы А заал, МУБИС-ийн БТС/, Гандбол /11.09-11-нд Буянт-Ухаа спортын ордон/, Чирлидинг /11.14-нд МУИС-ийн спорт заал/, Таеквондо /11.16-17-нд Мон-Алтиус БТДС-ийн заал/, Жүдо /11.19-20-нд “Алдар” СХ-ны заал/, Чөлөөт бөх /11.21-22-нд “Алдар” СХ-ны заал /, Хөлбөмбөгийн футзалны тэмцээн /11.26-28-нд МХБХ-ны Футзалны ордон/, Волейбол /11.30-12.06-нд МУИС, ШУТИС-ийн спорт заал/, Шатар /12.01-03-нд МҮЭСТО/, Ширээний теннис /12.04-05-нд МҮЭСТО/ багтаж байгаа юм.
Энэхүү “Монголын оюутны спортын V наадам”-ын нээлтийн ёслол 11 дүгээр сарын 02-нд СТО-ы А зааланд болох бөгөөд 11 дүгээр сарын 12-13-нд МУИС-ийн Номын санд Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм. Харин 12 дугаар сарын 10-нд тус Оюутны спортын V наадмын хаалтын ёслол болох юм.
Наадамд оролцох Их дээд сургуулийн баг, тамирчдын мэдүүлгийг БТСУХ-ны www.sportgames.mn болон Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны www.mssf.mn сайтаар 2020 оны 10 дугаар сарын 24-31-нийг дуустал 7 хоногийн турш хүлээн авч бүртгэх юм.
Дашрамд дуулгахад, Дэлхий дахинаа тархсан ”COVID-19” халдварын улмаас Монголын оюутны спортын V наадмын хугацаа хоёр удаа хойшлогдсон, их, дээд сургууль, коллежид шинэ элсэгч нар орсон зэргийг үндэслэн Монголын оюутны спортын V наадмын зааврын дөрөвдүгээр зүйлийн нэгдүгээр хэсэгт заасан “Наадамд оролцогч оюутан нь тухайн их, дээд сургууль, коллежид нэгээс доошгүй семестр суралцсан байх ёстой” гэснийг заавраас хасч, өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.
Иймд Их, дээд сургууль, коллежид шинээр элсэн орсон оюутнуудыг бүртгэн наадмын тэмцээнд оролцуулахыг Монголын оюутны спортын холбоонд зөвшөөрсөн байна. Харин тухайн оюутан нь их, дээд сургууль, коллежийн (өмчийн хэлбэр харгалзахгүй) өдрийн ангид суралцдаг, дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй байх, хэрэв бүртгэлгүй бол заавар ёсоор мандат олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ