Өнөөдөр “ХӨЛБӨМБӨГИЙН ХААН”-ы төрсөн өдөр

Пеле нэрээр дэлхий даяар алдаршсан бразилийн домогт хөлбөмбөгчин Эдсон Арантис ту Насименту (порт.-браз. Edson Arantes do Nascimento) энэ өдөр 80 нас хүрч байна.  

“Хөлбөмбөгийн хаан” Пеле нь хөлбөмбөгийн спортын түүхэнд дэлхийн 3 удаагийн аварга болсон цорын ганц хөлбөмбөгчин билээ. Хөлбөмбөгийн ногоон талбайд 21 жил тоглохдоо 1363 оролцож, 1281 гоол хийснээс 92 удаа хэт-трик хийж, 30 тоглолтод тус бүр 4 гоол, 6 тоглолтонд тус бүр 5 гоол хийсэн юм. 1964 онд “Ботафого” багийн хаалгыг 8 гоолоор мялааж байжээ. “Васко да Гама” багийн хаалганд түүхт 1000 дахь гоолоо торгуулийн цохилтоор хийсэн өдрийг “Сантос” багийнхан нь “Пелегийн өдөр” гэж жил бүр ёслон тэмдэглэдэг байна.

Бразил улсын Минас-Жерайс мужийн Терес-Корасойнс хотхонд төрж, хөлбөмбөгчин байсан эцэг Дондиньогоор хөлбөмбөг заалгаж, 7 настайдаа тус улсын шигшээ багийн тоглогч байсан Валдемар де Бритогийн шавь болжээ.

1958 онд Швед улсын ДАШТ-нд 17 настай Пеле од болон гязалзаж,  шөвгийн дөрөвт  Уэльсийн багийн хаалганд шийдвэрлэх гоолыг хийж, хагас шигшээ тоглолтод Францын багийн хаалганд хэт-трек, шувтаргын тоглолтонд Шведийн багийн хаалганд дубль хийжээ. 1962, 1966 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олигтой тоглож чадаагүй ч, дэлхийн хөлбөмбөгийн түүхэн дэх Бразилийн хамгийн шилдэг шигшээ баг гэж тооцогддог 1970 оны багийн бүрэлдэхүүнд шувтаргын тоглолтонд Мексикийн багийг хожиж, дэлхийн 3 удаагийн аварга болжээ. ДАШТ-ний билэгдлийн шигшээ багт 2 удаа орж байв. ДАШТ-нд 4 удаа оролцохдоо 14 тоглолтонд оролцож, 12 гоол хийжээ.

1961 онд “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд “Флуминенсе” багтай хийсэн тоглолтод өөрийн торгуулийн талбайгаас залж замд таарсан өрсөлдөгч багийн бүх тоглолчийг унаж тустал нь хуурч хийсэн гоолыг нь “Зууны гоол” гэж өргөмжилж, тус цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа дурсгалын багана босгосон байдаг.

Түүний бичсэн “Би Пеле” намтрын ном нь бразилийн хүүхдүүд төдийгүй, гадаадын олон орны хүүхдүүдийн ширээний ном болжээ. Бразилийн ерөнхийлөгч зарлиг гарган түүнийг “Хар үнэт эрдэнэс” хэмээн өргөмжилж байжээ. Масейо хотод 30 мянган үзэгчийн суудалтай цэнгэлдэх хүрээлэнг “Хөмбөмбөгийн хаан Пеле” гэж нэрлэсэн байна.


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ