Хятадууд юунд бэлдэж байна вэ

Өмнө нь хөршилдөг орнуудаар нь хязгаарлагдаж байсан “Хятадаас болгоомжлох үзэл” БНХАУ хүчирхэгжихийн хэрээр хүрээгээ тэлж өдгөө бараг бүх дэлхийг хамрах болжээ. Энэ хэрээр хөрш орнуудад нь айдас болгоомжлол улам нэмэгдсэн байна. Тухайлбал, хүчний хувьд тэнцүүхэн, давуу болон сул тал ижил ОХУ-д айдас болгоомжлол улам бүр газар авч байна.   

Судлаач Александр Аладин бол ОХУ-д энэ үзлийг хадгалан дэлгэрүүлэгч гэж болохоор хүн юм. Түүний нэгэн нийтлэлийн агуулгыг уншигчдадаа хүргэж байна.  Тэрээр энэ нийтлэлдээ хил орчмын бүс нутагт БНХАУ өөрсдийн санаачилгаар хүчитгэсэн суурьтай зам гүүрийг олноор барьж байгаа асуудлыг хөнджээ.

Хятадууд Алс Дорнодтой хиллэдэг Хэйхэ-Цзяинь мужийг холбосон 114 км, Суйбинь-Цзяинь мужийг холбосон 103 километр замыг ганцхан жилийн дотор хийж дуусгаад Баоцинь-Мишань Хутоу-Улиньдун зэрэг хил орчмын суурин газруудаа жижиг гэлтгүй хүнд даацын машины замаар холбож байгаа аж.  Уссурийн хязгаарын Хэясяцзи арал Фуюань суурин хүртэл 36-хан километр зайг мөн хүнд даацын автомашин явах зориулалттай замаар холбосон аж.

А.Аладин хятадууд хоёр улсын хилийн орчимд зам ихээр барих болсон явдал удахгүй эхлүүлэхээр зэхэж байгаа дайнтай холбоотой гэдэгт итгэлтэй байгаагаа нийтлэлээрээ илэрхийлсэн байна.

Худалдаа аялал жуулчлалын зорилгоор ашиглаж болох ч Хятадын бусад мужуудад байдгаас илүү өргөн, төмөр бетон голдуу хийцтэй дээрх замыг хамгийн гол нь Алс Дорнодын төлөөх дайнд ашиглах зорилгоор байгуулсан гэсэн таамаг үнэнд илүү ойр гэж үзэхэд хүргэж байгаа аж.

 “Ийм замаар хүнд техник, тэр тусмаа зөөгч пуужин, хуягт машинууд явах бүрэн боломжтой. Ирэх жилүүдэд Хятадууд хил орчмоор дахин томоохон хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Зэвсэг техникээ ОХУ-ын цөмрүүлэхийн тулд шүү дээ” хэмээн А.Аладин бичжээ.

Ерөнхийлөгч Владимир Путин удаан хүсэн хүлээсний эцэст БНХАУ-ын дарга Ху Жинтаог 2004 оны аравдугаар сарын 14-нд “Сайн хөршийн харилцааг хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зуруулж чадсан. Гэтэл үүний дараа болсон хоёр улсын хилийг шинэчлэн тогтоох ажиллагааны үеэр ОХУ 337 км кв. талбайтай  Аргунь Читийн хязгаарын Том, Тарабаров хэмээх арлаа хятадад шилжүүлж өгсөн билээ. Эдгээр арал дээр Алс Дорнод руу довтлох сайхан түшиц газар байгуулах болсонд А.Аладин хамгийн их харамсч явдаг аж. Энэ тухай тэрээр “Одоо хятадын цэрэг Хабаровскт хоёроос гуравхан цагийн дотор хүрч очих боломжтой болсон” хэмээн бичсэн байна.

Хятадууд Батлан хамгаалах салбарынхаа төсвийг жил бүр нэмэгдүүлсээр ирсэн. Албан ёсоор нэг тоо хэлдэгч бодит байдал дээр 30 хувь илүү байх магадлалтай гэж үздэг ёс бий. Төсвөө ингэж нууцлах нь аль ч улс оронд жирийн үзэгдэл байдаг юм байна. Хятадууд сүүлийн үед алсын тусгалтай пуужин бүтээх ажилд ихээхэн анхаарал тавьж, амжилтад хүрсэн бөгөөд хил дээрээс харвасан пуужингууд нь зүүн Сибирь, Камчатка тэр ч бүү хэл Москва, доод Новогород, Уралд хүрч тусах боломжтой болжээ. Хятадын тал Алс Дорнод дахь бүх нисэх баазыг ганц удаагийн гэнэтийн довтолгоогоор л сүйрүүлэх боломжтой юм. Учир нь Алс Дорнодод агаарын довтолгооноос хамгалах систем байхгүй. “Сувдан эрэг”-ийн түүх давтагдана гэсэн үг.

А.Аладины нийтлэлээ манай улсад ч хамаатуулсан нь сонирхолтой. Тэрээр  “Одоо хятадууд стратегийн түншлэл гэх нэрийн дор Орос, Монголын хилийн дагуу шалган нэвтрүүлэх цэг, боомт нээх сонирхолтой байгаа.  Зам, гүүрийг ч ихээхэн хэмжээгээр байгуулж байна. Энэ бүх ажлаа амжуулсны дараа дайн эхлүүлэх болно. Алс Дордод одоо зургаан сая орос хүн амьдарч буй бол хэдхэн алхмын (хилийн) цаана 141 сая хятад язганалдаж байгаа. Дайн эхлэхгүй байсан ч тун удахгүй Алс Дорнод дахь хятадуудын тоо оросуудаас илүү гарна. Бид тэдэнд зэс, алт, вольфрам, молибден, ванади зэрэг ашигт малтмалыг их хэмжээгээр нийлүүлж байгаа. Энэ металлууд тун удахгүй танк, онгоц, пуужин болоод орж ирэх болно” хэмээн бичжээ.

eagle.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ